Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын өнөөгийн хөгжил, цаашдын хөгжлийн бодлогын талаар танилцуулав.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эрүүл аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн чадамжтай, бизнесийн таатай орчныг хотод бүрдүүлнэ. Мөн Куба улсын үндэсний баатар Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн гаднах талбайг стандартын дагуу тохижуулна” гэдгийг онцлов.
Нийслэл хот болон Куба улс цаашид эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов.