2024-10-06, Ням
2 C
Ulaanbaatar

МАН болон АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх “Яг түүн шиг” заалтууд

МАН зүүний, АН барууны нам гэгддэг. Гэсэн ч  МАН болон АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс  ижил заалтууд бишгүй олдов.  Хоёр өөр нам ч  Монголын асуудал нэг шүү дээ.  Ижилхэн санаа тавьдаг зүйлс цөөнгүй байх нь. Эвсэж хамтарч засаг байгуулах талаар ч яригдаж байгаа энэ үед санал нэгдсэн зүйлс нь эхэлж ажил хэрэг болж мэднэ.   Эдгээр намуудын  сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх “ихэр” заалтуудыг онцолж сонирхуулъя.

Түрээсийн орон сууц

МАН

“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  нийслэл, аймаг, сумдын иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны  төслийн  хүртээмжийг нэмэгдүүлэх  бодлого баримтлана.

АН

Бага өртөгтэй түрээсийн орон байрны  хангамжийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Зорилтот өрхүүдэд зориулсан түрээсийн орон байрны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Уламжлалт анагаах ухаан

МАН

Уламжлалт анагаах ухааны салбарыг аялал жуулчлалын баримжаатай хөгжүүлнэ.

АН

 Уламжлалт анагаах ухааны өв санд тулгуурлан дэлхийд өрсөлдөх эрүүл мэндийн бүтээгдэхүүн бий болгож, экспортод гаргана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байгуулна

МАН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр  дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.

АН

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулна.

Зайнаас ажиллахыг дэмжинэ

МАН

Зайнаас болон цагаар ажиллах ажил эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгож, иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

АН

Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Асрахуйн эдийн засаг

МАН

Асрахуйн эдийн засгийн хөгжлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн эко системийг бүрдүүлж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асрамжилж буй иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

АН

 Асрахуйн эдийн засгийг бодлогын түвшинд тодорхойлсон хөдөлмөрийг үнэлэх үнэлгээний арга зүйг нэвтрүүлж, үндэсний тооцооны системд тусгана.

 Тэтгэврийн талаар

МАН

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр  тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.

АН

 Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнө.

 -Тэтгэврийг цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого баримтална.

Эрчим хүчний талаар

МАН

  Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна.

Эрдэнэбүрэнгийн УЦС, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Дулааны цахилгаан станц 4,  Багануурын цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц, Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.

Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг хэрэгжүүлнэ.

АН

Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно.

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч экспортлох хэлэлцээр байгуулна.

– Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барьж, ашиглалтад оруулна.

 -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц барина.

Богдхан төмөр замыг барина

МАН

 Улаанбаатар хотыг тойрсон 144.9 км Богдхан төмөр замыг барина.

АН

 “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлж, төмөр замын сүлжээг өргөтгөнө.

Хөшигийн хөндий дэх их сургуулийн хотхон

 МАН

 Дээд боловсролын сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөшигийн хөндийд  их сургуулийн хотхон байгуулна.

АН

 Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн хотхоны бүтэцтэй болгох ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.

 Говийн бүсийг усаар хангана

МАН

 Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот төслийн ТЭЗҮ-г батлуулах, барилга байгууламжийг үе шаттайгаар барина.

АН

 “Хэрлэн – говь”, “Орхон – говь”, “Туул – говь” төсөл хэрэгжүүлнэ.

Хүүхдийн мөнгө өгнө

АН

 “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

МАН

“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. 

Газрын тосны үйлдвэр

 МАН

Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

АН

 Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангана.

Хархорум хот байгуулна

МАН

Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын  улс төр, засаг захиргааны шинэ төв Шинэ Хархорум хотыг байгуулна. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын  эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

АН

Хархорум хотыг байгуулж, эдийн засгийн идэвхтэй газар нутгийн хэмжээг тэлэхийн тулд судалгаанд үндэслэн нутаг дэвсгэрийн төв хэсэгт хоёр дахь хөгжлийн төв байгуулах ажлыг дэмжинэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img