Уулзалтад оролцогчид монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам уулзалтын эхэнд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Боловсролын яамны удирдлагуудтай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монголын боловсролын зорилго, хөтөлбөр, орчин нөхцөл, багш, хүний нөөц, боловсролын үнэлгээ, дээд боловсролын чанар, шинжлэх ухааны тогтолцоо, чадавх зэрэг тулгамдсан асуудалд шийдлийг дэвшүүлсэн танилцуулга хийлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр Байнгын хорооны дарга Ч.Ундрамын хөндөж буй боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, цаашид тус салбарын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөрт тус танилцуулгад дурдсан оновчтой санаачилга, шийдлээс нь тусган хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, олимпиадын хуваарийг баталсан зэргээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг сайжруулах, сурагчийн дүрэмт хувцасны шинэчлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг шинэчлэх зэрэг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.