Өнгөрсөн зун аялал жуулчлалын boom болж байв. Солонгосын одод манай улсаас контент бэлдсэний үр дүнд солонгос жуулчид олноороо Монголыг зорьж ирсэн юм. Гэхдээ Солонгос жуулчдын өмнө Оросын жуулчид жагсч байна. Өнгөрсөн онд манай улсад ирсэн жуулчдын тоо 139 мянга хүрсэн бол Оросоос Монголд ирсэн орос иргэдийн тоо 220 мянга давжээ.
Оросууд олноороо Монголыг зорьсон шалтгаан нь Орос-Украйны дайн байсан юм. Дайнаас дайжсан орос иргэдийн хувьд ноолууран бүтээгдэхүүний худалдан авалтыг илүүд үзэж байсан гэж аялал жуулчлалын компанийнхан онцолж буй. Гуравт Хятадын жуулчид багтаж байна. Урд хөршөөс 109 мянган хүн иржээ. Хятадын араас япончууд шил дарсан статистик гарчээ. Түрүү жил 19000 япон хүн манай улсад ирсэн бол Америкаас 13 мянган жуулчин Монголд аялахыг сонгосон байна.
Өнгөрсөн жил манай улсад ирсэн нийт жуулчдын тоо 594 мянгад хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болжээ. Ковидоос өмнөх хугацаа буюу 2019 оны статистикийг харахад 577 мянган жуулчин Монголд ирж байж. Гадны жуулчдаас Монголд оруулсан орлого 440 сая ам.доллараар хэмжигджээ. Ингээд харахаар манай улс аялал жуулчлалаасаа дажгүй орлого олсон мэт харагдаж байгаа ч монголчуудын гадагшаа аялсан зардал энэ хэмжээг давчихаж.
Монголчуудын гадагшаа аялалд зарцуулсан зардал 479 сая ам.долларт хүрчээ. Зөвхөн өнгөрсөн 12 дугаар сард гэхэд шууд нислэгээр Тайландын Пукет, Вьетнамын Фукуок, Хятадын Хайнан гэх мэт чиглэлд 10.000 гаруй хүн ниссэн тоо гараад байна. Зүүн Өмнөд Азийн орнууд руу аялах хөл хөдөлгөөн цагаан сар өнгөртөл тасрахгүй гээд бодохоор монголчуудын гадаад аялалд зарцуулах мөнгө хагас тэрбум ам.доллар хол давах нь тодорхой болжээ.