-Та чухам юуны улмаас ийм гэнэтийн шийдвэр гаргах болов?
-Би энэ улирлын төгсгөлд багаа орхино. Энэ нь олон хүнийг шооконд оруулсныг ойлгож байна. Би “Ливерпуль”-д, хотдоо, хөгжөөн дэмжигчиддээ үнэн сэтгэлээсээ хайртай ч багаа орхихоор шийдлээ. Учир нь миний эрч хүч дуусч байх шиг. Иймд “Ливерпуль”-ийг урдынх шигээ дасгалжуулж чадахгүй гэдгээ мэдэрсэн учир ийм шийдвэр гаргалаа. Үнэнийг хэлэхэд товчдоо ийм л юм.
-Таны бие тэнхээ зүгээр үү гэж олон мянган хөгжөөн дэмжигчид санаа нь ихэд зовж байна?
-Би зүгээр ээ, санаа зоволтгүй. Насаа бодоход харин ч гайгүй эрүүл мэндтэй, элдэв архаг өвчин хуучгүй байна. Хэдий тийм ч ажил үүргээ гүйцэтгэхэд сүүлийн үед бие жаал тавгүйрхдэг болсон. Нас явж байгаа тул арга ч үгүй.
Ер нь дасгалжуулагч хүн улирлын тэмцээн эхэлсэн үү үгүй юу, дараагийн улирлын тухай бодож эхэлдэг л дээ. Ноднингийн арваннэгдүгээр сард багийнхаа удирдлагатай ямар тоглогчтой шинээр гэрээ байгуулах, дараагийн зуны бэлтгэлийг хаана, хэзээ базаах гээд олон асуудлаар ярилцаж суухад минь гэнэт, “Би энд үргэлжлэн байх шаардлагатай, хэрэгцээтэй гэдэг нь эргэлзээтэй” гэсэн бодол төрж билээ. Тэгээд ч өнгөрсөн улирал амаргүй, амжилт ололтоор маруухан байсныг манай хөгжөөн дэмжигчид мэдэж байгаа.
Тийм нөхцөлд зарим бусад багт магадгүй, “Таны хичээл зүтгэлд гүнээ талархавч одоо салах цаг боллоо” гэж шууд хэлэх болов уу. Намайг харин үлдээсэн юм. Надад багаа дахиад сэргээх нь юу юунаас чухал байлаа. Үүний л тухай өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан даа. Тэгтэл баг нэлээд хурдан сэргэж, маш их нөөц чадамжтай, супер ододтой, гялалзсан ирээдүйтэй гэдэг нь нэгэнт тодорхой болмогц би өөрийнхөө тухай бодож эхэлсэн. Багаа орхихыг би хүсээгүй ч ингэх нь 100 хувь зөв шийдвэр гэсэн дүгнэлтэд хүрсэн дээ.
-Гэвч та яагаад улирлын тоглолтууд өндөрлөх яагаа ч үгүй байхад энэ тухайгаа мэдэгдэв? Арай эртдээгүй юу?
-Төгс төгөлдөр өөгүй ертөнцөд би юуг ч урьдчилж хэлэлгүй бүхий л ялалтад хүргээд салах ёс гүйцэтгэх байсан биз. Гэвч бид бүхний бодит амьдралд тэгэх боломжгүй. Учир нь эртхэн шийдвэрээ дуулгах нь багт дараа дараагийнхаа алхмыг төлөвлөхөд дэмтэй шүү дээ.
Цагийг нь тулгаад шийдвэрээ мэдэгдвэл баг эргээд хуучин гольдролдоо орох гэж нэлээд цаг үрнэ гэдэг тодорхой. Тэгээд ч олон жилийн турш “Ливерпуль”-д би нэлээд ноёрхсон үүрэг гүйцэтгэсэн. Зориудаар биш ч, нөхцөл байдал тэгж л таарсан юм. Иймээс ч би багаа орхих шийдвэрээ бага зэрэг оройтохоос бага зэрэг эртдэж хэлэх нь дээр гэж бодсон.
Сүүлийн жилүүдэд бид бүхний цоглоосон энэ багт бат бэх үндэс суурь, гайхамшигтай ирээдүй бий гэдэгт огт эргэлздэггүй.
-Таны огцрох тухай мэдэгдэл “Ливерпуль” улирлаа тааруухан төгсгөхөд нөлөөлөх юм биш биз. Иймэрхүү эртэдсэн мэдэгдлүүд багуудад ихэвчлэн муугаар нөлөөлдөг талтай?
-Бид бүхнээс, багийн бүх гишүүдээс л хамаарна. Тэгээд ч би энэ улирлыг амжилттай дуусгана гэдэгт 100 итгэлтэй байгаа шүү.
Энд гэж хэлэхэд, надад шийдвэр гаргах хэдий хэцүү байсан ч дараа нь тайвшраад “За, барианы шугамаа татчихлаа даа” гээд санаа амрах шиг болсон. Дээр хэлсэнчлэн, би
“Ливерпуль”-д үлдэхийг хэдий их хүсдэг ч чадахгүйгээ мэдэрсэн билээ. Тэгээд л болоо. Харин багийн хувьд бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна.
Германы нэг буйдхан хотоос гаралтай надад “Ливерпуль”-д ийм карьер хийнэ гэдэг бараг л үлгэр юм. Гэвч би хэтрүүлэн хэлбэл 100 мянган хувиар биеэ дайчилж, хийж буй ажилдаа бүхнээ зориулж чадсаны ачаар багагүй амжилтад хүрсэн гэж одоо дүгнэж сууна.
Би ийшээ ердийн нэг эр л ирсэн. Одоо ч гэсэн тийм хэвээрээ. Зүгээр л ердийн бус амьдралаар амьдраад дэндүү уджээ. Ердийн амьдралыг амсахын тулд хэт хөгшрөхийг би хүсэхгүй байна. Тийм амьдрал яг ямар байдгийг одоо л мэдрэхийг хүссэн хэрэг.
-“Ливерпуль”-ийн удирдлага таны шийдвэрт хэрхэн хандсан бэ?
-Өнгөрсөн жилүүдэд багийнхаа удирдлагатай нэг нэгнээ ойлгосон, дотно харилцаатай байлаа. Тэд намайг дэндүү сайн мэднэ. Би баашилдаггүй, “эрхэлдэггүй”, нэгэнт шийдсэн бол эргэж буцдаггүй тул тэд намайг үлдээч гэж ер ятгаагүй, миний шийдвэрийг тайван хүлээн авсан. Гэвч дотроо гонсгор буй нь илт мэдрэгдсэн гэх үү дээ.
-Танд багтаа үлдэх өөр ямар нэг хувилбар байсангүй юу?
-Өөр ямар хувилбар байж болох гэж? Дасгалжуулагчид ихэвчлэн багаасаа халагдаж гардаг. Ямар нэг багт тав, зургаан долоо хоногийн турш амжилтгүй үе үргэлжилбэл дасгалжуулагч л хамгийн түрүүнд халагддаг. Тэгэхэд бүгд л тайвширдаг юм. Өөр хувилбар байхгүй л болов уу… За яахав, хүндээр өвдөж ажлаа орхих тохиолдол бий.
Харин би өөрөөр явж байна. Гэхдээ одоогоор “Норвич”, “Челси”, “Арсенал”-тай хийх тоглолтуудад л төвлөрч сууна. Тэрнээс биш үдэлтийн үдэшлэг зохиох цаг нь биш. Улирал дуусах өдий шүү дээ. Иймд багийнхаа тоглолт дээр л 100 хувь анхаарлаа хандуулнам.
-Эхнэр тань таны шийдвэрт хэрхэн хандсан бол?
-Миний эхнэр 2022 онд “Ливерпуль”-тэй гэрээгээ сунгахад хамгийн ихээр нөлөөлсөн юм шүү дээ. Улла маань Ливерпуль хотод үлдэхийг ихэд хүссэн юм. Харин энэ удаа тэр миний шийдвэрийг ойлгож нааштай хүлээн авсан.
-Та дасгалжуулагчаар дахиж ажиллах уу?
-Яг одоо бол үгүй гэж бодож байна. Гэхдээ би дасгалжуулагчаар л ажилласаар өнөөг хүрсэн хүн. Тогтуун тайван амьдрал гэж мэдэлгүй өнөөг хүрсэн тул цаашид яахыг үнэндээ таашгүй. Харин нэг зүйлийг л баттай сайн мэдэж байна.
“Ливерпуль”-иэс өөр Английн ямар ч багийг дасгалжуулахгүй. Тэгэх боломжгүй. Энэ багт дэндүү хайртай, хүндэлдэг учраас л тэр. Иймд улирал дуустал байдаг хүчээ шавхаж зүтгэцгээе. Тэгээд ард нь гарсны дараа инээмсэглэх шалтгаан бишгүй гарах нь дамжиггүй. Та бүхэнд баярлалаа.