Одоогоос хоёр жилийн тэртээ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү цөмрөн орсноор өнөөгийн дайн дэгдэж байлаа. Энэ дайнд хоёр тал хоёул асар их хохирол амсаж байгаа талаар барууны орнуудын тагнуулууд мэдээлж байсан ч талууд бие бүрэлдэхүүний хохирлын талаар төдийлөн мэдээлэл өгч байсангүй. Харин “Украина. 2024 он” формумын үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский анх удаа Украины армийн хохирлын талаар ам нээжээ.
Украины Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 31 мянган цэрэг амиа алдсан байна.
“Амиа алдсан хүн бүр бидний хувьд асар их хохирол. Энэ дайнд 31 000 цэрэг амиа алдсан. Путин худлаа ярьж байгаачлан 300 мянга биш эсвэл 150 мянга биш. 31000 хүн. Гэхдээ амиа алдсан хүн бүр бидний хувьд хүнд хохирол. Харин Оросын талаас 180 мянган цэрэг амиа алдсан. Шархадсан хүнийг оролцуулаад тооцвол Оросын талын нийт хохирол 500 мянга орчим байгаа” хэмээн Зеленский мэдэгджээ. Түүний өгүүлснээр, энэхүү хохирлын тоонд амиа алдсан энгийн иргэдийн тоог багтаагаагүй гэнэ.
Зеленский Оросын талаас амиа алдсан болон шархадсан хүмүүсийг оролцуулаад нийт хохирол нь 500 мянга орчим байгаа гэж мэдэгдсэн ч Украины талаас хичнээн хүн шархадсан, сураггүй алга болсон талаарх мэдээллийг өгсөнгүй.
“Би та бүхэнд хичнээн хүн шархадсан талаарх мэдээллийг өгөхгүй. Ийм мэдээллийг задлачихвал байлдааны талбараас хичнээн хүн явсныг Оросын тал мэдчихнэ” хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүний онцолсноор, одоогийн байдлаар Украины Зэвсэгт хүчин болон ОХУ-ын зэвсэгт хүчний харьцаа 1/7 байгаа гэнэ. Хүчний харьцаа ийм байгаа тул Украины Зэвсэгт хүчин эзлэсэн байсан нутаг дэвсгэрээсээ ухрахаас аргагүй болсон аж.
Энд дуулгахад, өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэл хийхдээ Украины арми тулаанд нийт 383 мянган хүнээ алдсан, энэ тоонд шархадсан хүмүүс ч багтаж байгаа хэмээн онцолж байлаа. Мөн наймдугаар сард Оросын Батлан хамгаалах яамны гаргасан мэдэгдэлд зөвхөн зургаагаас долдугаар саруудад Украины Зэвсэгт хүчин сөрөх давшилтын үеэр 43000 хүнээ алдсан хэмээсэн байв.