УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ БИЗНЕСИЙГ БИЙ БОЛГОХЫН ТУЛД ТЕХНОЛОГИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛДАА МАШ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАСАН
-Юуны өмнө Таныг манай сонинд цаг гарган ярилцлага өгч байгаад талархлаа илэрхийлье?
-Биднийг ярилцлагадаа урьж, Монголын ард түмэнд манай компанийг танилцуулах боломж олгож байгаа Танд болон танай сонины хамт олонд талархлаа илэрхийлье.
-“Kumyang group” нь 1955 онд үүсэн байгуулагдсанаас хойш улс орон, орон нутгийн хөгжилд түүхэн чухал үүрэг гүйцэтгэж, өнөөдөр дэлхийн томоохон компаниудын нэг болжээ. Тус группын гол үйл ажиллагааны талаар та онцолж ярина уу?
-“Kumyang group” нь анх сахар орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Солонгосын ард түмнийг амттай хүнсээр хангаж байлаа. 1971 онд хөөсрүүлэгч буюу үлээгч бодис үйлдвэрлэн компанийн үйл ажиллагааг өргөтгөсөн. “Kumyang group” байрлаж байгаа Бусан (Busan) хотод үлээгч бодисын томоохон үйлдвэрээ 1974 онд ашиглалтад оруулсан юм.
1976 онд Солонгосын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаагаа гаргасан түүхтэй. Эдүгээ дэлхийн нийт 78 оронд 2000 гаруй хуваарилалтын сувгаар дамжуулан үлээгч бодис (пүүзний ул гэх мэт нийлэг эдийг үйлдвэрлэхэд ордог бодис), байгальд ээлтэй хөөсрүүлэгч буюу үлээгч бодис зэргийг худалдаалж байна. Үүнээс гадна дэлхий даяар хоёрдогч цахилгаан үүсгэгч буюу бөөрөнхий батарейн /зай хураагуур/ үйлдвэрлэл, хоёрдогч цахилгаан үүсгүүрийг дэмжих төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд, цэнэглэгч зай хураагуурын сэлбэг эд анги үйлдвэрлэл, катод үйлдвэрлэл, устөрөгчөөр ажилладаг цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл зэргээр үйл ажиллагаагаа улам тэлсээр байна.
-“Kumyang”-ийн үйлдвэрлэдэг гол брэнд, байгальд ээлтэй (chemical blowing agents), ялангуяа дэлхийн зах зээлд хамгийн ихээр борлогддог бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар Танд онцолж хэлэх зүйлүүд юу байна вэ?
-Бидний гол үйлдвэрлэл болох үлээгч бодисын бүтээгдэхүүний найрлагад өмнө нь формамид, аммиак зэрэг химийн бодисууд ордог байсан Энэ нь урт хугацаандаа хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг дээр сэтгэл оюунаа ихээхэн хандуулдаг байлаа. Хүрээлэн буй орчин, хүний биед хор нөлөөгүй, урт хугацааны тогтвортой бизнесийг бий болгохын тулд технологийн эрэл хайгуулдаа маш их хөрөнгө оруулалт хийж ажилласан.
Ингээд 2020 онд дэлхийд анх удаа химийн хорт найрлага огт оруулаагүй үлээгч бодис үйлдвэрлэх технологийг нээж, эко үлээгч бодисыг гарган авсан. Автомашин, гутал /Nike брэндийн гэх мэт/ иогийн матрасс, обой, шал зэргийн үйлдвэрлэлдээ шинэ хуудас нээж, хүний биед ээлтэй бүтээгдэхүүнүүд бий болгон худалдаалахад хувь нэмрээ оруулаад байна.
Энэхүү эко үлээгч бодисын үйлдвэрлэлийн явцад нүүрстөрөгч огт ялгардаггүй тул дэлхийг аврах байгальд ээлтэй бүтээгдэхүүний үндэс суурь нь гэж хэлж болно.
“ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЦИЛИНДР ЗАЙ ХУРААГУУР ҮЙЛДВЭРЛЭГЧ” БОЛОХ АЛСЫН ХАРААТАЙГААР ХОЁРДОГЧ ЗАЙ ХУРААГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЗНЕСТЭЭ ШАМДАН АЖИЛЛАЖ БАЙНА
-Танай компани дэлхийн анхны байгальд ээлтэй үлээгч бодисоос эхлээд цахилгаан тээврийн хэрэгсэл (BEV/HEV), устөрөгчийн тээврийн хэрэгсэл, устөрөгчийн хөлөг онгоц, дрон зэрэг хоёрдогч (цэнэглэдэг) батарей зэрэг бүтээгдэхүүнээрээ дэлхийн химийн технологийн салбарт томоохон үсрэлт хийж чадсан. Та бүхний энэ чиглэлд төлөвлөж байгаа дараагийн төлөвлөгөө нууц биш бол юу байна вэ?
-Одоогийн байдлаар 21700-гийн цилиндр хэлбэртэй батарей болон 46мм-ийн цилиндртэй батарейн үйлдвэрлэлээрээ ид хүчээ авч буй “Kumyang group” нь 2025 оноос хоёрдогч цахилгаан үүсгүүрийн зах зээлд гарч цахилгаан автомашины / EV/ зах зээл болон ухаалаг хөдөлгөөнт хэрэгсэл, цахилгаан хэрэгслийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Батарей үйлдвэрлэлийн давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгч болох уу?
-“Kumyang group” нь цилиндр хэлбэрийн батарейн мэргэжлийн үйлдвэрлэгчийн хувьд 21700 5.0Ahийн хүчин чадал багтаамжтай зай хураагуур үйлдвэрлэх шинэ технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэлээ явуулан зах зээлд нийлүүлж байгаа болно. Энэ нь бүтээгдэхүүний цэнэглэх хугацаа /Cycle Life/, хүйтэнд тэсвэртэй чанар, цэнэглэх хурд (Crate) зэрэг үзүүлэлтүүд нь дээшилж бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй үр ашигтай, чанартай болсон гэж ойлгож болно.
Манай компанийн үйлдвэрлэдэг цилиндр хэлбэрийн батарейны хувьд ижил хэмжээний олон төрлийн бүтээгдэхүүнийг их, бага ширхгээр үйлдвэрлэх боломжтой төдийгүй хэмжээг нь ийнхүү стандартчилж өгснөөр илүү аюулгүй болж, бага өртгөөр үйлдвэрлэх боломжтой болсон. Үнийн хувьд ч бусад загварыг бодвол хямд. Мөн гадуураа металл бүрхүүлтэй тул удаан эдэлгээтэй, галын аюул бага байдгаараа онцлог.
Энэ мэтчилэн зай хураагуурын үйлдвэрлэл нь бүтэц хийцийн бага зэргийн өөрчлөлтөөр дамжуулан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулж болох бизнес гэдгээрээ давуу талтай.
-Автомашины батарейны гол бүтээгдэхүүн хэсэг болох цэнэглэдэг (хоёрдогч батарейны материалын эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, шинэ бизнесээ хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Kumyang group” нь хүн төрөлхтний амьдралын төлөө үлээгч бодис үйлдвэрлэлийн бизнес модель дээр хуримтлуулсан туршлагаараа дамжуулан нарийн технологид суурилсан “Дэлхийн шилдэг цилиндр зай хураагуур үйлдвэрлэгч” “Cylindrical Battery World Leader” болох алсын хараатайгаар хоёрдогч зай хураагуурын үйлдвэрлэлийн бизнест шамдан ажиллаж байгаа.
2022 оны наймдугаар сард 21700 цилиндр зай хураагуурын үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны зургаадугаар сард Бусан хотноо үйлдвэрлэлд оруулж эхэлсэн. 46 мм-ийн цилиндр зай хураагуурын бүтэц, технологийн хөгжүүлэлт болон их хэмжээгээр үйлдвэрлэх зорилгоор судалгаанд суурилсан хөгжүүлэлтийн төвийг 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж туршилт хийгээд байна.
2023 оны 9 сард жилд 300 сая ширхэг зай хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн шавийг тавьсан. Энэхүү үйлдвэр маань 2024 онд ашиглалтад орж, 2025 оноос төлөвлөсөн хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх зорилготой ажиллаж байна.
Үүнээс гадна хоёрдогч зай хураагуурын гол түүхий эд болох литигээс авахуулаад катод материал гэх мэтээр цилиндр зай хураагуур бүтээхэд ордог эд эсүүдийн хувьд өртгийн хэлхээг төгс бүрдүүлж үнийн хувьд өрсөлдөх чадвартай, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг гол зорилгоо болгож байна.
Тиймээс гол түүхий эд болох литийг аюулгүй аргаар гаргаж авах нь манай компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн бодлогыг боловсруулахад маш чухал нөлөөтэй гэж үзэж байгаа учраас Монгол Улс болоод Конго улсад энэ чиглэлээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулж, байгалийн нөөц ашиглалтын салбарт дэмжлэг үзүүлж байгаа болно. Мөн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн катодын идэвхитэй материал үйлдвэрлэгч SMLAB групптэй хамтран эко зай хураагуур үйлдвэрлэлийн эрин үеийн эхлэлийг тавина.
2022 ОНД БУСАН ХОТЫН “ТЭРГҮҮН ДЭЭД ГРАНПРИ ШАГНАЛ”-ЫН ЭЗНЭЭР, 2023 ОНД “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРСАН
-“Kumyang” нь байгаль орчинд ээлтэй байх зарчмыг нэн тэргүүнд тавьж, нийгэмд үзүүлж буй үнэ цэнээ сурталчлан, улс орны хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладгаараа нэр хүндтэй. Улс, орон нутагт үзүүлж буй татвар, нийгмийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаасаа товчхон дурдана уу?
-“Kumyang group” нь бизнесийн шат дамжлага бүрд хамаарах бүх төрлийн татварыг цаг тухайд нь төлдөг. Үүнд аж ахуйн нэгжийн татвар, нэмэгдсэн өртгийн татвар, орон нутгийн татвар зэргүүд багтана. Төр засгаас бидний ажлыг дүгнэн үнэлж 2015 онд БНСУ-ын 49 дахь удаагийн татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан шилдэг татвар төлөгчөөр шагнаж байсан түүх бий.
Энэхүү шагнал нь манай компани, корпорацийн итгэл үнэмшлийг өндөрт өргөж, нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж буйг нотлох чухал үзүүлэлт гэж ойлгож байгаа. Орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын тухайд маш олон. Заримаас дурдвал, орон нутгийн хөгжилд чиглэсэн корпорацын соёлыг бий болгох төсөл байна.
Үүгээр дамжуулан Бү Гёны улсын их сургууль, Дун-ы шинжлэх ухааны их сургууль зэрэг Бусаны орон нутгийн их сургуулиудтай хамтран ажиллаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр тэргүүлж, үүгээрээ орон нутгийн иргэдэд бодитоор хөгжих боломжийг нээж өгч буйгаараа онцлог юм. Мөн түүнчлэн “Залуусыг дэмжих төв” нэгдэл хоршоог дэмжиж хандив олгодог. Залуу хойч үеийн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх сургалт, сургууль завсардах, хаях асуудлаас урьдчилан сэргийлэх төслүүдийг голчлон дэмжиж ажилладаг.
Энэ бүх хийсэн ажлыг маань үнэлж 2022 онд Бусан хотын шилдэг корпорацыг шалгаруулдаг 13 дахь удаагийн шалгаруулалтад Тэргүүн дээд гранприйн шагналын эзнээр тодорч, 2023 онд Бусан хотын Соёлын тэргүүний элч төлөөлөгчийн шагналыг хүртсэндээ баяртай байдаг.
-“Kumyang group” нь Бусан хотын хамгийн том татвар төлөгч, хамгийн том хөрөнгө оруулагч. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“Kumyang group” нь БНСУ-ын Бусан хотноо эдүгээ 70 жил үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн ууган, хамгийн том корпорацийн хувьд нийгмийнхээ төлөө үргэлж санаа тавьж, чин сэтгэлээсээ хандаж, тэр хэмжээгээр хариуцлагаа ухамсарлаж явна. Мөн орон нутагтаа дээгүүрт ордог татвар төлөгчийн хувьд дэд бүтэц, боловсрол, төрийн үйлчилгээнд олон талын хандив дэмжлэг үзүүлж буйгаараа бахархдаг.
Бусан хотын хувьд “Kumyang нь энгийн нэгэн бизнес эрхлэгч биш юм. Чухамдаа Бусан хотын шилдэг хөрөнгө оруулагчийн хувьд орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор бид орон нутгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж, иргэдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Бусан хотыг “Технологийн хөгжил болон үйлдвэрлэлийн цөм” хот болгох тал дээр анхаарч дэмжиж ажилладаг. Цаашдаа ч Бусан хотын хөгжил цэцэглэлтийн төлөө тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, нийгмийнхээ сайн сайхан гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж урагшлах болно.
БИД МОНГОЛ УЛСАД ЗАЙ ХУРААГУУРЫН ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛОХ ЛИТИЙГ ОЛБОРЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
-Монгол Улс газрын ховор элементийн төслүүддээ ихээхэн анхаарч, түрүүчээсээ хайгуулын үе шатнаас олборлолтын түвшинд шилжихээр төлөвлөн ажиллаж байгаа төслүүд бий. Цахилгаанмашины батарейны гол түүхий эд нь литий, никель, кобальт, манган, синтетик байгалийн бал чулуу, мөн зэс байдаг. “Kumyang”-ийн хувьд Монголд литийн төслийг дэмжин ажиллаж байгаа. Төслийн явц ямар байдалтай байна вэ, хэр амжилттай урагшилж байгаа вэ?
-Kumyang” нь “Мон Лаа” компанийн Элстэй ордод хөрөнгө оруулалт хийж, хувьцааны 60 хувийг эзэмшиж байгаа болно. Энэхүү орд нь олборлосон вольфрамаа экспортлон борлуулахын зэрэгцээ литийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Цаашид зай хураагуурын гол түүхий эд болох литийг олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Вольфрамын хувьд нэгдүгээр сард боловсруулах үйлдвэрийн туршилтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сараас албан ёсоор боловсруулалтын ажил явагдах төлөвлөгөөтэй.
Литийн хувьд одоогоор хайгуул хийх бэлтгэл ажлаа хангаж, эхний ээлжид ТЭЗҮ-гийн тайлан боловсруулах шатандаа яваа.
Энэ оны гуравдугаар сар гэхэд ТЭЗҮ-ийн тайлан бэлэн болно. Түүнээс хойш холбогдох газарт хандаж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, хууль журмын дагуу бүх шатны ажлыг дуусган тоног төхөөрөмжөө суурилуулан туршиж үзсэний эцэст 2024 оны сүүл үе гэхэд литийн олборлолт бэлэн болох шатандаа орох болов уу гэж харж байна.
-Монголд литийн геологийн суурь судалгаа дутмаг, боловсруулалтын технологи, хүний нөөц сул зэрэг анхаарах зүйлүүд бий. Хими, боловсруулалт, технологи хөгжүүлэх замаар хамтран ажиллах боломжууд бий. Энэ чиглэлд Та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?
-БНСУ-д суралцаж байгаа шилдэг Монгол оюутнууд их байдаг гэж сонсож байсан. Тэдгээр оюутнуудыг Солонгосын шилдэг байгалийн баялаг судалгааны газар болох Солонгосын ашигт малтмал, хөрсний судалгааны хүрээлэн болон Солонгосын техник технологийн хөгжлийн хүрээлэн зэргээр аялуулан танилцуулж сургах, мөн боловсруулах үйлдвэрлэлийн технологи талаасаа “Kumyang” болон бусад ойролцоох үйлдвэрүүдтэй хамтран Монголын шилдэг боловсон хүчнийг ажиллуулж, технологи сурах боломж олгох зэргээр манай компани энэ салбарт гүүр нь болж ажиллахаа амлаж байна. Мөн энэ жил ашиглалтад орох хоёрдогч зай хураагуурын үйлдвэрт Монгол оюутнуудыг дадлагажуулах хөтөлбөр боловсруулж технологи сурах боломжийг олгох болно.
Энэ мэтчилэн Монгол улсын чадварлаг боловсон хүчин бэлтгэх салбарт хувь нэмрээ оруулан дэмжиж ажиллах болно.
-Литийн хайгуулын төсөл болон бусад бизнесийн чиглэлээр “Kumyang” нь Монголын Засгийн газар болон бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого баримталж байна. Таны зүгээс энэ тал дээр онцолж хэлэх зүйл юу байна вэ?
-“Kumyang” нь Монгол Улсын уул уурхайн салбарт хамтран ажиллаж буй гол зорилго нь “Kumyang” болон Монгол Улсын хамтын хөгжлийн төлөө юм. Товчоор хэлэхэд, БНСУ-ын Хөрөнгийн биржид нээлттэй хувьцаат компани болохын хувьд “Kumyang”нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байгаа нь хоёр улс хамтдаа хөгжин дэвжиж, хөгжлийн замд мөр зэрэгцэн алхах эхний алхам болно гэж хэлье. Монгол Улсын ирээдүйн ашгийн төлөө “Kumyang group” нь олон олон салбарт төсөл хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газраас бидний ажлыг саадгүй урагшлахад бодлого, хууль эрх зүйн орчноор дэмжлэг үзүүлбэл бид туйлын ихээр талархах болно.
-Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.