2024-11-21, Пүрэв
-10 C
Ulaanbaatar

Шинжлэх ухааны төлөө хүүгээ сармагчинтай хамт өсгөсөн Уинтропын аймшигт туршилт

Эрдэмтэн, судлаачид туршилтынхаа үр дүнг бодолцохгүй байх нь бий. Тэд шинжлэх ухааны ололт, нээлт хийхийн тулд олон зүйлийг хийхэд бэлэн байдаг. Эрдэмтэд зарчмаа баримталж, ёс суртахууныг уландаа гишгэх нь ч бий. Тэдний нэг нь Уинтроп Келлог. Тэр шинжлэх ухааны хөгжлийн төлөө эцгийн хайр гэдгийг ч умартсан нэгэн.
Шинжлэх ухаанд шунан дурласан нь буюу анхны судалгаа

Уинтроп сэтгэл судлалын дипломоо гардан авсныхаа дараа харьцуулсан судалгаа хийж эхэлжээ. Тэрээр антропогенезийн асуудлуудыг ихээхэн сонирхдог байж. Мөн удаан хугацаанд хүүхэд, амьтдын хөгжлийн онцлогыг судлаж байжээ. Ноход дээр туршилт хийж, тархины төрөл бүрийн хэсгийг салган авсны дараах тэдний зан байдлыг судалдаг байсан гэнэ. Гучин настайдаа тэрээр докторын зэрэг хамгаалж, судалгааны шинэ сэдэв хайж эхэлжээ.

Амьдралын гол туршилт

Уинтроп аймшигтай туршилтаа эхлэх үедээ л хүүхдийн хөгжлийн судалгаагаараа алдартай нэгэн байв. Чухамхүү түүний судалгааны ачаар л хүүхэд бүрэн дүүрэн хөгжихөд эцэг эхчүүдийн оролцоо, тэдний хамтын ажиллагаа асар их үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс мэдэж авсан юм.

1931 онд Уинтропын гэр бүлийнхний хувьд хувь тавиланг нь эргүүлсэн жил болжээ. Уинтроп чухамхүү энэ онд аймшигт туршилтаа эхлүүлэхээр шийдсэн нь тэр. Тэрээр амьтадтай хамт өсөн зэрлэгшсэн хүүхдүүдийн тухай сэдвийг үргэлж сонирхдог байв.

Ийм хүүхдүүдийн ихэнх нь анхнаасаа л суурь өвчинтэй байсан, улмаар амьтдын дунд амьдарснаар улам хүндэрсэн гэж олон эрдэмтэн үздэг байлаа.

Сармагчин

Харин Уинтроп үүнтэй огт санал нийлдэггүй байв. Тэдний бурууг батлахын тулд тэр төрсөн хүүгээ золиосложээ. Уинтроп анх дөнгөж төрсөн хүүгээ сармагчны бүлд орхихоор төлөвлөж байв. Ингэснээр эрүүл хүүхэд амьтад дунд өссөн ч хүн төрхөө алдахгүй гэдэг өөрийн үзэл баримтлалыг батлахаар шийдсэн нь энэ. Азаар хэн ч түүнийг энэ санаагаа хэрэгжүүлэхийг зөвшөөрсөнгүй. Ингээд түүнд өөр санаа төрлөө. Анхдагч санааных нь яг эсрэгээр.

Уинтроп шаардлагатай нөхцөлийг бүрдүүлснээр сармагчныг хүн шиг болгож болно гэж батлахаар хичээв. Йелийн их сургууль судалгааных нь сэдвийг ихэд сонирхож, улмаар Уинтропын гэр бүлийнхнийг их сургуулиас шимпанзегийн монш авч, гэртээ өсгөх санал тавьжээ.

Ах дүү хоёр шиг өссөн бяцхан хүү, бяцхан монш

Туршилт эхлэх үед Уинтропын хүү ердөө 10 сартай байв. Харин Гуа шимпанзе долоон сартай байжээ. Тэднийг адилхан хувцаслаж, хооллож, сургаж, хүмүүжүүлж байв. Тэд адилхан орон дээр унтаж, адилхан сандал дээр сууж хооллон, мөн л адилхан тоглоомоор тоглодог байв.

Бяцхан Дональд хүү Гуа сармагчинд сайн ханддаг, харилцах дуртай байв. Тэд хамтдаа тоглож, харилцаж байхыг харахаар яг л ах дүүс шиг. Гэхдээ Гуа хүн байгаагүй, хүн болж ч хэзээ ч чадахгүй.

Алдартай туршилтын ард

Хүүгээ сармагчинтай хамт өсгөж буй алдартай эрдэмтэн гэр бүл туршилтын талаарх нарийн ширийнийг ил хэлдэггүй байжээ.

Эхнэр нөхөр хоёр хоногт 12 цагийн туршид хүү болон сармагчин дээр туршилт явуулдаг байв. Тэдний алхам бүрийг тэмдэглэн авч, даалгавар өгч, эдгээр даалгаврыг байнга хүндрүүлдэг байв. Нэгэн туршилтын үеэр эхнэр нөхөр хоёр хүү нь зогсолтгүй уйлж байсныг эс тоон даалгаврыг хүндрүүлсээр байсан гэнэ. Тэд эцэг эх гэдгээ умартан, эрдэмтэн гэдгээрээ л хандаж, гагцхүү туршилтын үр дүнг үзэхээр улайрч байв.

Гуа сармагчин туршилтын эхний шатанд Уинтропын хүүгээс хөгжлийн хувьд олон талаар түрүүлж явж байгаа гэж Уинтроп үздэг байжээ. Сармагчин маш хурдан халбагаар идэж сурч, энгийн даалгавруудыг биелүүлж, тэр бүү хэл хөтөвчинд сууж бие засдаг болжээ. Гэхдээ тэр хэзээ ч хүн шиг ярьж байгаагүй юм. Харин Дональд хүү нэг нас хүрсний дараа хэлд орж, хөгжлөөрөө Гуагаас түрүүлэх болов.

Уинтроп сармагчинг хүн болгож чадна гэдгийг батлахыг зорьж байв. Гэсэн ч энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Гэхдээ аймшигт шалтгаан гарах хүртэл энэ туршилтаа зогсоосонгүй.

Туршилтыг хэн зогсоов?

Уинтропын эхнэр Луэлла нөхрөө үргэлж дэмждэг байжээ. Тэрээр туршилтад оролцож, хүүхэд болон сармагчин дээр хийх өдөр тутмын туршилт түүний хяналтан дор болдог байв.

Харин туршилт үргэлжлэх хугацаанд Дональд хүү Гуа сармагчны үйлдлийг дуурайж эхэлснээр Луэлла түгшиж эхэлжээ. Дональд дөрвөн хөллөн явах болж, ярихаа больж, түрэмгий болж эхэлжээ. Энэ нь хүүгийн ээжийг ихэд айлгаж орхив.

Сармагчин

Ингээд эхнэр нөхөр хоёр ийм туршилтын дүнд сармагчин хүн болох биш харин хүн сармагчин болж хувирах магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Ингээд хүүгээ цаашид зэрлэг амьтан шиг болгохгүйн тулд туршилтаа зогсоохоор шийджээ. Дональдад ийм шинж тэмдэг гарсны ачаар л туршилт зогссон нь энэ, тэгээгүй бол туршилт таван жил үргэлжлэх байв.

Гунигт үр дагавар

Уинтроп туршилтаа зогсоосон ч судалгааныхаа талаар ном хэвлүүлэн гаргав. Энэ нь шинжлэх ухааны хүрээнд ихээхэн дуулиан тарьсан юм. Сармагчин Гуа их сургууль руу буцаж энгийн амьдралдаа оржээ.

Харин Уинтроп асар их шүүмжлэлтэй тулгарсан аж.

Учир нь олон хүн энэ туршилтыг ёс зүйгүй гэж үзэж байв. Тэр дундаа Уинтроп өөрийн төрсөн хүү дээр туршилт хийсэн гэдэг нь олон хүнийг цочирдуулж байлаа. Түүнчлэн сармагчин ч тэр, хүү ч тэр туршилтад орохыг зөвшөөрөх боломжгүй байсан, ингэснээр хэний ч зөвшөөрөлгүй ийм туршилтыг хийсэнд олон хүн эгдүүцэж байв.

Үүний дараа аймшигт явдал боллоо. Хүүхэдтэй хамт гэр бүлд өсөн, дараа нь хэрэггүй болж их сургууль руу буцаасан Гуа сармагчин жилийн дараа үхжээ. Тэр ижил сүрэгтээ дасаж чадаагүй аж. Энэ нь Уинтропыг шүүмжлэх дахин нэг давалгаа үүсэх шалтгаан болов.

Харин хожим, Дональд өсөж том болсон хойноо амиа хорложээ. Энэ нь түүний эцэг эхийн явуулсан аймшигт туршилтын үр дагавар байсан эсэх нь тодорхойгүй.

- Сурталчилгаа -spot_img

4 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img