-Халхын голын байлдаанд амиа алдсан баатруудын дурсгалыг хүндэтгэх тал дээр Монголд их хүндэтгэлтэй ханддаг. 2024 онд энэ байлдааны 85 жилийн ой болно. Ойд зориулж ямар арга хэмжээ төлөвлөсөн байгаа вэ?
-Монголд үнэхээр л Халхын голын байлдаанд оролцсон хүмүүсийн дурсгалыг хадгалж, дурсгалын объектууд Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газарт хүндэтгэлтэй ханддаг. Монголын хүн ам, тэр дундаа ахмад үеийнхэн 1939 оны байлдаанд Зөвлөлт, Монголын цэрэг эрс ялалт байгуулсныг бодитоор үнэлж, Монголын төрт улсыг хамгаалахад ач холбогдолтой байсныг мэддэг. Эндэхийн хүмүүс Аугаа их Эх орны дайны үеэр ЗХУ-д монголчууд туслаж байсан, 1945 оны Манжурын давших ажиллагаанд оролцож байснаар бахархдаг.
Энэ онд манай хоёр орон Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэнэ. Хамтарсан баярын арга хэмжээний төлөвлөгөөг бэлтгэж байгаа. Зохион байгуулах комисс баримт бичгийг батлахаас өмнө дэлгэрэнгүй яримааргүй байна.
Ямартай ч Оросын талаас ойд зориулсан цогц арга хэмжээ санал болгосон, тэр дундаа эрдэм шинжилгээ практикийн бага хурал, үзэсгэлэн, эрэл хайгуулын экспедици, ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон. Мөн олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэгдсэн “Сэлэнгэ-2024” Орос, Монголын цэргийн хамтарсан сургуулилалт энэ ойд зориулагдана. Халхын голын байлдааны баатар Георгийн Жуковын цээж баримлыг Дорнод аймгийн Чойбалсан хотод босгохоор төлөвлөж байгаа.
-Манай хоёр орны хооронд визгүй зорчих журам нэвтрээд 10 жил болж байна. Монгол дахь гадаадын жуулчдын ихэнхийг оросууд эзлэж байгаа. Москва эсвэл Оросын бусад том хотууд болон Улаанбаатар хоорондын шууд нислэгийг сэргээх боломжийн талаар хэлэлцэж байгаа болов уу. Жуулчны солилцоог урагшлуулахын тулд өөр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Монголын жуулчид Оросыг хэр их зорьдог юм бол, тэд голчлон хаашаа аялж байна вэ?
-Коронавирусийн цар тахлын үед богино хугацаанд аялал жуулчлал унасан. Үүний дараа жуулчны солилцоо мэдэгдэхүйц өргөжиж байна. 2022 онд Монголд зочилсон оросуудын тоо 150 мянгад хүрсэн нь огцом өсөлт болсон бол 2023 оны дүнгээр энэ үзүүлэлт 200 мянгыг давсан. Оросын хилийн албаны мэдээллээр, Монголын талаас ч энэ тооны хүмүүс Орос руу зорчиж байгаа. Тэдний ихэнх нь ажил хэргийн асуудлуудаа шийдэхийн тулд хил орчмын бүсийг зорьж байна. Энэ нь бүс нутаг хоорондын түвшинд бизнесийн үйл ажиллагаа идэвхжихэд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Байкал нуур руу жуулчид ихээр зорьдог.
Одоогоор манай иргэд Эрхүү, Красноярск, Улаан-Үдийг Улаанбаатартай холбосон чиглэлийн нислэгүүдийг ашиглах боломжтой байгаа. Гэхдээ эдгээр нислэгийн тоо их биш, онгоц нь жижиг. Москва, Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгийг сэргээх асуудал ихээхэн тулгамдаж байгаа. Новосибирскээр дамжин нислэгтэй байсан ч хамаагүй.
Ийм нислэг гаргачихвал Оросын Европын хэсгийн оршин суугчдад Монголыг нээх боломжтой болох юм. Түүнчлэн Улаанбаатарын нисэх буудал тэдний хувьд тухтай дамжин өнгөрөх зангилаа болж болно гэдгийг ч харгалзах ёстой.
-Дунд сургуулиудад үзэх үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж заасан хуулийг Монголын Парламент баталсан. Ингэснээр энэ улсад удаан хугацааны туршид хамгийн их тархсан гадаад хэл байсан орос хэлний байр суурьд ээлжит цохилт өглөө л дөө. Монголын залуусыг татах, манай хэлийг сурах сонирхлыг тэдэнд төрүүлэхийн тулд Оросын талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Монгол дахь орос хэлний байр суурьд “цохилт” өгчихлөө гэж хэлмээргүй байна. Бодит байдал дээр өнөөдөр англи хэл олон улсын харилцааны үндсэн хэлнүүдийн нэг болж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Англи хэлийг дэлхий даяараа, тэр дундаа Оросын ерөнхий боловсролын сургуулиудад ч судалж байгаа шүү дээ.
Монгол дахь орос хэлний орон зай хумигдах сөрөг хандлага манай хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан боловсролын болон соёлын харилцаа бараг бүхэлдээ уналтад орсон өнгөрсөн зууны 90-ээд оны эхнээс эрчимтэй өрнөж эхэлсэн юм. Тухайн үед Европын холбоо, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгостой харилцах харилцаа эрс өргөжсөн.
Энэ нь монголчуудын хувьд орос хэлний үнэ цэн, практик ач холбогдлыг бууруулсан юм. Тиймээс орос хэлний байр суурийг бэхжүүлэх асуудал нь цогц шинж чанартай, энэ асуудлыг амжилттай шийдэх нь бүхий л салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг нягт байлгахаас ихээхэн хамаарна.
Монголд орос хэлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргаж байгаа. Энэ тал дээр Улаанбаатар дахь Русский дом гол ажлыг нугалж байгаа юм. Энэ байгууллагыг түшиглэн Монголын олон аймаг, сумдад нийт 57 орос хэлний төв байгуулж, орос хэлний багш нарын мэргэшил дээшлүүлэх курсийг хичээллүүлж, аймгуудад боловсролын семинар зохион байгуулж байна. Жил бүр нийслэлд 300, орон нутагт 700 хүн эдгээр арга хэмжээнд хамрагдаж байгаа.
<…> Одоо Монголын сургуулиудад 7-9 дүгээр ангийнхны хөтөлбөрт орос хэл заавал үзэх хичээл, 10-12 дугаар ангиудад сонгон суралцах хичээл гэж багтаж байгаа юм. Түүнчлэн энд Оросын стандартаар хичээл ордог дөрвөн дунд сургууль бий. Монголын нийслэлийн өөр нэг сургуулийг Оросын холбооны улсын боловсролын стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ орос хэл дээр хичээл ордог дунд сургуулийн сүлжээг өргөжүүлэх, Монгол дахь орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зарчмын ашиг сонирхол байгаа талаар удаа дараа хэлж байсныг энд онцгойлон тэмдэглэмээр байна. Ерөнхийлөгчийн охид нь ч орос сургууль төгссөн юм билээ.
-Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эсвэл энэ холбоотой хамтран чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг авч хэлэцэж байсан. Энэ чиглэлд ахиц гарсан уу? Ямар нэг хугацаа хэлэх боломжтой юу? Монголын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар хэзээ буурах вэ?
-Улаанбаатар Евразийн эдийн засгийн холбоог 2015 оноос л сонирхож эхэлсэн. Евразийн эдийн засгийн комисс болон Монголын Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн ач холбогдлыг хэлэлцэж байлаа. Гэтэл дараа нь гэнэт л Монголын түншүүд чухамхүү Орос Монголд тавьсан импортын тариф, татварыг дангаар тэглэх ёстой гэсэн байр суурьтай болсон. Гэхдээ манай улсын өнөөгийн гадаад худалдааны гаалийн горим Евразиийн эдийн засгийн холбооны бодлогоор тодорхойлогддог шүү дээ.
Ингээд бидний тайлбарыг сонсож, өнгөрсөн жил Евразийн эдийн засгийн холбоо болон Монголын хооронд тодорхой нэр төрлийн барааны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах харилцан ойлголцолд хүрсэн юм. Үүнийг гурван жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөж байгаа. Монголын уламжлалт экспорт гэгддэг мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноосон бүтээгдэхүүн зэрэг олон зуун бараанд ногдуулах татварыг бууруулах эсвэл тэглэхтэй холбоотой юм.
Хэлэлцээрийн явц одоогийнх шигээ эрчимтэй байвал энэ оны тавдугаар сард Евразийн эдийн засгийн дээд комиссын ээлжит хуралдаан дээр Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнээр төслийн баримт бичгийг дэмжүүлж, улмаар 12 дугаар сард гарын үсэг зурах боломжтой болно гэж Евразийн эдийн засгийн комиссын шинжээчид үзэж байгаа. Ингэснээр 2025 онд Монгол Улс Евразийн орнууд руу дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг экспортлож эхлэх боломжтой болно.
Гэхдээ махны экспортын тал дээр Монголын түншүүд багагүй нэмэлт ажил хийх шаардлагатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Монголд малын гаралтай өвчний нөхцөл байдал хүндхэн хэвээр байна, Монголын тал бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалтай холбоотой зохих баталгааг бидэнд хараахан гаргаж өгч чадахгүй байгаа.
Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар онц аюултай өвчлөлтэй холбоотой нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хяналт, вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл баримт бичиг өгөх тал дээр илүү их идэвх гаргана гэж бид найдаж хүлээж байна. Орос Улс хамтын ажиллагаанд бэлэн. <…>
-Байгал нуурын үндсэн цутгал болох хил дамнасан Сэлэнгэ гол руу цутгадаг Эгийн гол дээр Усан цахилгаан станц барих асуудал олон жил шийдэгдсэнгүй. Хоёр талд хоёуланд нь нийцтэй шийдвэр гарах төлөв харагдаж байна уу? Энэ асуудал дээр Оросын талын байр суурь ямар байгаа вэ?
-Ерөнхийдөө бол талуудын албан ёсны хандлага энэ асуудал дээр нийцэж байгаа. Нэн тэргүүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн объектод багтдаг Байгал нуурын экологийн аюулгүй байдлыг хангах явдал. Талууд дүн шинжилгээний ажил явуулахыг зөвшөөрсөн.
Монголын тал УЦС байгуулснаар экологид ямар ч ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа ч манай экологчдын санаа зовнил батлагдвал ямар ч шинэ мэдээллийг нухацтай авч үзэхэд бэлэн байгаа.
Би усны нөөцийн шинжээч биш л дээ, гэхдээ энэ асуудлыг арай өргөн хүрээнд харахыг санал болгомжоор санагддаг. Жишээ нь, Орос, Монголын хамтарсан схем, Сэлэнгэ мөрнийг цаашид аж ахуйн зорилгоор ашиглах загвар бий болговол ямар вэ? Үүний тусламжтайгаар Улаан-Үд, Буриадын бусад суурин газруудад тохиодог үерээс зайлсхийж болно шүү дээ. Ямар ч байсан хил дамнасан Сэлэнгэ мөрний усыг ашиглах явдал нь манай хоёр орны харилцаанд орсон “өргөс” байж болохгүй. <…>
-Цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Оросын элчин сайдын яамны ойролцоо Оросын эсрэг чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээ болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр Монгол дахь санал өгөх хэсгүүдэд Монголын хууль сахиулагчид аюулгүй байдлыг хангахад бэлэн болов уу?
-Ийм арга хэмжээнүүд нь олныг хамраагүй байсан гэдгийг онцолмоор байна. Оролцогчдын хувьд гэвэл хэдэн арваас хэтрэхгүй. Хамгийн сүүлийнхд гэхэд дөрвөн залуу хүн оролцсон. Хэдийнэ танил болсон хүмүүс, шинэ хүн бараг нэмэгдээгүй. Эдгээр “идэвхтнүүд”-тэй АНУ, ЕХ-ны орнуудын дипломатууд байс хийгээд уулзаж, ямар нэг байдлаар дэмждэг. Сонгуулийн үеэр ийм оролдлого гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын хууль сахиулагчид ажилдаа мэргэшсэн хүмүүс.
Hench gants xooloo oldog zuilee aldahiig husehku gehdee ene buur arai denduu ymaa. Bainga mongoliig tsahilgaani hariat bailgah geed uzeh ym