2024-12-21, Бямба
-22 C
Ulaanbaatar

Материалын шинжлэх ухаан буюу XXI зууны философийн чулуу

Философийн чулуу гэсэн домгийн ойлголт бий. Бүх л металлыг алт болгож хувиргах нь уг чулууны шид хэмээдэг. Өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэлтэй материалын шинжлэх ухааныг эрдэмтэд XXI зууны философийн чулуу гэж тодотгодог нь цаанаа утга учиртай. Чулуунаас цаас, даавуу гаргаж авсан эрдэмтэд зэс, нүүрсийг орлох бүтээгдэхүүн хийхээр зорьж байна. Цаг агаарын дулаарал, байгалийн гамшиг сүйрэл, ус, ашигт малтмалын нөөцийн хомсдол хүн төрөлхтний өмнө том асуудал болж буй. Тэр утгаараа байгалиа ухаж нөөцийг нь тонохгүйгээр алт, зэс гаргаж авах нь материалын шинжлэх ухааны зорьж яваа том амбиц. Жилээс жилд түймэр, хүний хэрэглээ гэх мэт олон шалтгаанаар цөөрч, багасч буй ой модоо хамгаалах шийдлийг материал судлаачид олсон нь материалын шинжлэх ухааны гэгээлэг нээлтүүдийн нэг. Хаа сайгүй элбэг байдаг шохойн чулуугаар хийсэн цаас аль хэдийнэ хэрэглээнд нэвтрээд байна. Алсдаа модоор цаас хийхгүй гэдэг нь хүн төрөлхтний хувьд том олз. Ер нь хүний амьдралын эргэн тойронд байгалиас болон зохиомлоор гаргаж авсан төрөл бүрийн материал байдаг. Материалын шинжлэх ухаан ирэх жилүүдэд байгалийн нөөцөө баралгүйгээр элбэг дэлбэг байдаг зүйлсээс хэрэгцээтэй бүхнээ гаргаж авах чиг рүү хүн төрөлхтнийг хөтлөх нь тодорхой болжээ.Материалын шинжлэх ухааны сонин хачнаас хүргэе.

НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫН БҮТЭЭСЭН НАНО МАТЕРИАЛ

Манчестрийн их сургуулийн профессорууд болох Андрей Гейм, Константин Новоселов нар графин хэмээх нано материалыг 2010 гаргаж авч байж. Энэ нээлтээрээ Нобелийн шагнал хүртжээ. Уг материалыг одоогоор цахилгаан, халаалтын систем, ус цэвэршүүлэх технологид ашиглаж байна. Chem сэтгүүлд саяхан нийтлэгдсэн мэдээллээс харахад тэдний гаргаж авсан материалыг органик, эрүүл мэндэд хор багатай үсний будаг хийхэд ч ашиглаж эхэлжээ.

ЛАБОРАТОРИД “ОЛБОРЛОСОН” АЛМААЗ

алмазСтенфордын их сургуулийн эрдэмтдийн лабораторийн аргаар гаргаж авсан алмаазыг Канад дахь BHP Billiton компанийн “Eka­ti” ордоос олборлож авсан алмаазтай харьцуулахад ямар ч ялгаа ажиглагдаагүй аж. Алмаазыг хяналт сайтай лабораторийн орчинд өндөр технологи ашиглаж гаргаж авдаг. Алмааз үүсэх гүний орчныг бүрдүүлж, карбон ашиглан бүтээдэг юм байна. Лабораторид “олборлосон” алмаазны хамгийн том давуу тал нь байгальд ээлтэй. Газар ухаж, байгаль сүйтгэж байж олборлох ямар ч шаардлагагүй. Лабораторид орчныг нь бүрдүүлээд л гялтганасан, өнгө өнгийн алмаазыг хүн төрөлхтөн бүтээж байна. Эрдэмтэд саяхан үхсэн гэрийн тэжээмэл амьтны үнснээс хиймэл очир алмааз гаргаж авах боломжийг олж харсан гэх мэдээлэл ч хөвөрч эхэлжээ. Мексикийн эрдэмтэд текила дарснаас хиймэл алмааз гаргаж авах технологи боловсруулсан гэх мэдээллийг хэдэн жилийн өмнө өгч байж. Мехикогийн Үндэсний их сургуулийн физикчдийн гаргаж авсан уг алмаазын талаар судалгааны багийн ахлагч Мигуэль Апатика “Хиймэл алмаазыг цельсийн 800 градусын халуун зууханд гаргаж авсан. Цаашид хэмжээг нь томруулахын тулд ажиллана. Энэ алмаазыг шил нь гурван ам.долларын үнэтэй текилагаас гаргаж авсан тул өртөг нь маш бага” хэмээн сонирхуулж байжээ.

ШОХОЙН ЧУЛУУНААС ТӨРСӨН ЦААС

цаасЦаасны үйлдвэрлэлд хувьсгал гарчихсан. Ойг хамгаалах, усны хэрэглээг багасгах зорилгоор “Таймс бриж менежмэнт” компани, Японы хамгийн том хэвлэлийн компани болох “Топпан принтинг”-тэй хамтран шохойн чулуунаас цаас гаргаж авсан юм. Шохойн чулууны давуу тал нь хаа сайгүй байдаг хэмээн тус компанийн төлөөлөл онцолсон удаатай. Шохойн чулууг полиэтилентэй хольж гаргасан цаасаа “LIMEX” гэж нэрлэжээ. Энэ цаас хөнгөн, хямд, усанд нордоггүй, чанартай, дахин боловсруулах боломжтой гэх мэт давуу талуудтай аж. 2030 он гэхэд энэ цаасны хэрэглээ хоёр дахин өснө гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.“LIMEX” цаасны тухайд модноос гаргаж авдаг цаасыг ирээдүйд бүрэн орлоод зогсохгүй машин, хувцас, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт ашиглах материал болох аж.

УРГАМЛААР ХИЙСЭН БИО ХӨӨС

саванУргамалд суурилсан полиуретан хөөсийг ирээдүйн барилгын материал гэж үзэж байна. Энэ хөөсийг тусгаарлагч, тавилга зэрэгт нийтлэг ашигладаг аж. Маалинга, замаг, хулс гэх мэт ургамлын гаралтай материалаар хийжээ. Энэ хөөсийг үйлдвэрлэгч нь Калифорнийн Сан Диего хотын “Malama Composites” компани. Уг био хөөс ямар нэгэн хор нөлөөгүй, тусгаарлах, дулаан сайн хадгалах чанараараа гайхагдаж байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам энэ био хөөсөнд “Ургамалд суурилсан эко бүтээгдэхүүн” гэсэн сертификатыг 2015 оны наймдугаар сард өгч байж.

СҮҮНИЙ УУРГААР ҮЙЛДВЭРЛЭСЭН УТАС

утасГерманы биохимич, загварын дизайнер Анке Домаске сүүний уургаас гаргаж авсан утсаа “Qmilk”гэж нэрлэжээ. Энэ утасны гол давуу тал нь ямар ч харшил үүсгэхгүй. Зуун хувь байгалийн гаралтай, торго шиг зөөлөн, хөнгөн, үнэргүй уг утсыг ирээдүйн хувцас үйлдвэрлэлийн гол хэрэглээ болно гэж Анке Домаске онцолж байна.Сүүний уургаас гаргаж авсан утсаар нэхсэн даавуу энгийн даавуунаас хоёр дахин хурдан хугацаанд хатдаг аж. Даавуу үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээ мэдрэгдэхүйц багасах давуу тал ч бий гэнэ. Сонирхуулж хэлэхэд бүсгүйн аав хорт хавдраар шаналах үедээ өмссөн хувцас бүрээсээ харшилдаг байж. Ийм зовлонтой хүмүүст туслахын тулд сүүний уургаас утас гаргаж авах санаагаа олжээ.

“ТОРГО УРЛААЧ” БАКТЕРИ

Үйлдвэрлэлийн аргаар гаргаж авахад хэцүү материалын нэг нь торго. Японы нэг компани торго гаргаж авах чиглэлээр ажиллаж эхэлжээ. Хүр хорхойн торго үйлдвэрлээд байгаа биологийн онцлогийг генийнх нь түвшинд судалсан аж. Ингэж судалсны эцэст торго үйлдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг фибройн уургийн бүтцийг олж мэдсэн байна. Бүр тодруулж хэлбэл биоинженерийн чиглэлээр бүтээсэн бактерийн тусламжтайгаар торгыг хурдан хугацаанд хийх боломж нээгдчихэж. Аравхан хоногийн дотор шинэ төрлийн торго бүтээдэг болж. Торго “урлаач” бактери нь элсэн чихэр, давс гэх мэтээр хоооллож богино хугацаанд их хэмжээний торго үйлдвэрлэх чадвартай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img