– Гадаадынхан Монголыг уул уурхайн тэсрэлт хийж буй улс хэмээн нэрийдэж байсан бол Мьянмарыг “Дараагийн Монгол болно” гэцгээж байв. Гэтэл манай улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг хазаарласан хууль баталж орхив. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголыг орхиж Мозамбик, Мьянмар руу дайжив –
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
2012-2016 он: Дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн жилүүд байлаа.
Гол үйл явдал:
- Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдав
- Хөрөнгө оруулалтын тухай хууль батлав.
- Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн төслөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буцаан татав.
- Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдав.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдав.
- Ашигт малтмалын тухай хуульд томоохон өөрчлөлт орж хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхээр болов.
- Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
- Тавантолгойн орд ашиглах талаар УИХ болон Засгийн газар тогтоол батлав.
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны оросын эзэмшилийн 49 хувийг монгол компани худалдан авав.
- Бизнесийн холбоодын тоо нэмэгдэж мэргэжлийн холбоод нэг дээвэр дор оров.
Гадаадын хөрөнгө оруулалтыг “хазаарласан” хууль батлав
2012 оны тавдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ батлав. Стратегийн ач холбогдолтой салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү болон хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг багтаасан бөгөөд энэ салбаруудад үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувь эзэмшил, удирдлага ба зах зээлийн үйл ажиллагаанд 7 төрлийн хязгаарлалт тогтоож, энэ хязгаарлалтын хүрээнд хэлцэл хийх хүсэлт хүлээн авах, шалгаж шийдвэрлэх асуудлыг журамласан байв.
ШИГТГЭЭ:
2013 оны аравдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгов. Ингэснээр гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газраас тусгай зөвшөөрөл авах, тайлан, мэдээлэл гаргах гэх мэт дарамтаас ангижирсан юм.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Аль 2004-2005 онд үүсэж бий болсон “Эрдэс баялгийн үндсэрхэх үзэл болон гадаадын хөрөнгө оруулагчдыг гадуурхах байдал яван явсаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд тусгалаа олж батлагдав. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө 2011 онд анх удаа 17 хувийн өсөлт үзүүлсэн тул Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван улсыг манай гаригийн хөрөнгө оруулагчид М3 хэмээн нэрийдэж эхэлсэн юм. Дэлхий дахинд М3 хэмээх хүчирхэг томъёоллоор уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй талаар “Financial times” сонинд хэвлэгдэв. Энэхүү М3 гэх томъёололд чухам юу багтаж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байлаа. Энэ гурван улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, баялаг нөөц, мөн бусдад танигдаж нээгдээгүй газар доорх ашигт малтмал нь ийнхүү нэрийдэхэд хүргэжээ.
Тухайн үед Монгол Улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй улсуудын нэг болж байсан бөгөөд энэ өсөлт нь сүүлийн 3-4 жил тасралтгүй хоёр оронтой тоогоор тодорхойлогдсоор ирсэн юм. Мьянмар, Мозамбик ч ялгаагүй 10 давсан хувиар урагш хөгжиж байв. Тийм болохоор энэ гурван улсын хөгжлийн “хөдөлгүүр” нь уул уурхай, түүнийг дагасан хөрөнгө оруулалт бөгөөд цаашид ч улам эрчтэй байх төлөвтэй гэж судлаачид үзэж байв.
Сүүлийн хэдэн жилд гадаадынхан Монголыг уул уурхайн тэсрэлт хийж буй улс хэмээн нэрийдэж байсан бол Мьянмарыг “Дараагийн Монгол болно” гэцгээж байсан билээ. Мозамбикийн хувьд эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хөнгөн цагаан болон нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөгжиж байлаа. 2006 оны байдлаар энэ улс дэлхийн хөнгөн цагааны уул уурхайн хоёр, берилийн таван хувийг тус тус бүрдүүлж, дотооддоо байгалийн хий болон цементийн хэрэглээгээ хангаж байв. Тийм болохоор энэ улсын эдийн засагт уул уурхайн томоохон хувь нэмэр оруулж байсан юм. Гэтэл манай улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож, дээрх хууль баталж, мөн Оюутолгойн гэрээгээр хөрөнгө оруулагч талтай маргалдаж далд уурхайн санхүүжүүлэлтийг зогсоосон зэрэг нь хөрөнгө оруулагчдыг Монголыг орхиж дээрх орнууд руу дайжихад хүргэв. Стратегийн ач холбогдол гэдэг нэр томъёо “моод” болж олон хууль тогтоомжид хэрэглэх хандлага бий болсон тул энэ талаар би нийтлэл бичив. Миний нийтлэл “Өнөөдөр” сонины 2013 оны аравдугаар сарын 22-ны дугаарт “Стратегийн ач холбогдолтой хамтран амьдрагч гэсэн нэр томъёог хуульчилбал яасан юм вэ?” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн юм.
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:
АРДЫН ЭРХ. 2012 оны 9 дүгээр сар
Н.Алгаа: Хөрөнгө оруулагчид татварын зохистой орчныг хүсдэг.
-…Гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихоод байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг дагаад журам гарах ёстой. Гэтэл өнөөг хүртэл журам нь гараагүй байна. Улс төрийн нөхцөл байдал, сонгууль, наадам, засаг төрөө байгуулах гээд уг хуулийн журам батлагдаж гарах хүртлээ удах бололтой. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ, шинээр орж ирж байгаа компаниудад хамааралтай юм уу эсвэл хуучин үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг бас хамааруулах юм уу гэсэн эргэлзээтэй байх шиг байна
лээ…
АРДЫН ЭРХ СОНИН.2012.5.28. № 105
Н.Алгаа: Өрнөдийнхөнөө хөөж гаргачихаад авлига авдаг, өгдөг нөхдүүдийг үлдээчихлээ шүү дээ.
-…Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөронгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ баталлаа. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох хууль боллоо хэмээн зарим хүмүүс шүүмжлэнгүй хандаж байна. Харин та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, уул уурхай гэсэн гурван салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахаар болсон. Монголын хэвлэл мэдээллийн аль нэг байгууллага 100 хувь гадны мэдэлд орчихно гэж бодохгүй байгаа. Харин уул уурхайн салбарт энэ хууль үйлчилснээр хөрөнгө оруулагчид үргэх, Монголд цаашдаа, орж ирэх хөрөнгө оруулалт багасах магадлал өндөр. Энэ талаар шүүмжилж буй хүмүүсийн зөв гэж бодож байна. Монголын уул уурхайн салбарт шинээр эрэл хайгуул хийхээр орж ирэх гадаадын компани зөвшөөрөл авах гэж нэлээд ажил болох юм байна лээ. Төрийн хүнд суртал, авлигын систем нь томорчихоор Монголын уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх. Мэдээж, хууль батлагдахаас өмнө зөвшөөрлөө авчихсан компаниудад бол энэ хууль эргэж үйлчлэхгүй биз…
Хөрөнгө оруулалтын тухай хууль төрөв
Байгалийн баялагаас ихээхэн хамааралтай эдийн засагтай улсын хувьд энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалагчдийг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон юм. Энэхүү эрэлт, хэрэгцээ шаардлагын үүднээс 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр УИХ “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг шинэчлэн баталсан билээ. Ийнхүү 2013 онд Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар дараах өөрчлөлтүүдийг Монгол улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн харилцаанд авчирсан юм. Монгол Улсад хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгосон, хөрөнгө, орлогоо гадаадад саадгүй гуйвуулах, хөрөнгө оруулагчын оюуны өмчийг хууль заасны дагуу хамгаалах боломжтой болсон; гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг болсон; хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэгийг татварын ба татварын бус хэмээн ангилсаны үндсэн дээр илүү тодорхой ойлгомжтой болгож татварын орчныг тогтвортой байлгах баталгааг төр гаргаж өгсөн
зэрэг болно.
Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн төслөө буцаан татав
Нийгэмд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт хийх хүлээлт бий болсон тул УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар тус тусдаа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
ШИГТГЭЭ:
Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үндэсний хэмжээний олон талын оролцоотой хэлэлцүүлэг хамтарч зохион байгуулах талаар МУУҮА-аас Ерөнхийлөгчийн тамгын газарт санал тавьсаныг хүлээн авсан тул 2010 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУУҮА, “Уул уурхайн хууль тогтоомж судлалын сан” (ТББ) хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Монгол улсын ашигт малтмалын тухай хууль: Хөгжил ба чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний олон талын (төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл) оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
ДУРСАМЖ:
Хэлэлцүүлэгт оролцогчид олон газар байгуулсан ажлын хэсгүүдийг нэгтгэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байсан ба бизнесийнхэн Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй харин тогтвортой байдал хэрэгтэй гэж байсан бол иргэний нийгмийнхэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Судалгааны нэг байгууллага дээрх хэлэлцүүлэгт Ашигт малтмалын хууль өөрчлөх шаардлагатай эсэх талаар иргэдийн дунд түүврийн аргаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан ба судалгаанд хамрагсадын дийлэнх нь “шаардлагатай” гэж хариулсан байв. Хэлэлцүүлгээс хойш миний сонссоноор ҮАБЗ хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барихаар шийдвэрлэсэн гэж сонссон. Удалгүй Ерөнхийлөгчийн байгуулсан ажлын хэсэг Ашигт малтмалын тухай шинэчлэх үзэл баримтлал боловсруулж оролцогч талуудын төлөөлөлд үзэл баримтлалаа танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.
ШИГТГЭЭ:
Дээрх үзэл баримтлалд гурван чухал санаа байсан. Эхнийх нь тусгай зөвшөөрлийг “эрх” гэж гэж үзэн, уг эрхэд хувийн өмчийн эзэмшлийн ашиг сонирхол үүсэхийг хүлээн зөвшөөрөх, эрх нь шүүхээр хамгаалагддаг зохицуулалтыг бий болгох, дараагийнх нь стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ангиллыг цаашид байхгүй болгох, гуравдахь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход олон нийтийн оролцоо, техник, технологи, байгаль орчныг хамгаалах асуудлаар өндөр шаардлага тавих, тогтоох зэрэг байлаа.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Бизнесийнхний ашиг сонирхолд харшлах зүйл байхгүй тул ассоциацийн гишүүд ямар нэгэн санал гаргахгүй байв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ч юм уу, шинэчлэсэн найруулга ч юм уу нэг төсөл хийгээд түүнийгээ Ашигт малтмалын газар, Уул уурхайн яаман дээр дээр танилцуулж санал авах хэлэлцүүлэг хийж байгаа тухай чих дэлсэх болов. Асууж сураглавал төсөл боловсруулж дуусаагүй тул төслийг хэвлэх, тараахыг ажлын хэсгээс хүсэхгүй байгаа гэж сонсогдоно. Би ч дотроо тэгэх нь зөв байх, ашиг сонирхол өөр өөр бүлгийн саналыг эхлээд сонсож боловсруулна гэвэл юу ч гараас гарахгүй, шүүмжилдэг нь олон болж гараар биш амаар ажил хийдэг нь ихэсдэг бидний араншин бий шүү дээ.
Ажлын хэсэгтэй холбогдож лавлавал ассоциаци саналаа өг л гэнэ. Би төсөл байхгүй юм чинь юунд нь санал өгөх юм бэ гэж эхлээд ярьдаг байв. Тэгээд ч манай салбарын бизнесийн төлөөлөл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэггүй харин эрх зүйн орчин тогтвортой байг, хуулиа хэрэгжүүлэхэд л анхааръя гэдэг байсан юм. Дараа нь ассоциаци гишүүдээ төлөөлөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрсдийн хувилбараа боловсруулж өгье гэв. Ер нь манайд хуулийн төсөл боловсруулахад ямар практик тогтож эхлээд байсан вэ гэвэл төрийн байгууллагууд дээр ажлын хэсэг байгуулагддаг, тэдгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүний дийлэнхэд нь төрийн байгууллагын ажилтны төлөөлөл ордог, зарим тохиолдолд дэд ажлын хэсэгт (мэдээлэл, судалгаагаар хангах дэд хэсэг гэдэг “өхөөрдөм” нэр өгчихнө) мэргэжлийн холбоод, хувийн хэвшлээс цөөхөн төлөөлөл оруулдаг, санал зөрсөн асуудлаар бичгээр саналаа өгчих гэдэг, санал авсаны дараа саналыг чинь ерөнхийд нь авсан, судалсан боловч “том” ажлын хэсэг дээр саналыг хүлээн авах боломжгүй байна, дээрээс зөвшөөрөхгүй, дэргэдээс дэмжихгүй байна гэх маягаар санал тусгаагүй шалтгаанаа тайлбарлачихна.
ДУРСАМЖ:
Ассоциацийн Бодлого, эрх зүйн хорооны дарга Бат Очироор ахлуулсан, гишүүн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлж билээ. Ерөнхийлөгчийн тамгын газар дээр байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төсөлд Ассоциациас гаргасан саналаас юу ч тусаагүйгээр барахгүй, харин бүр эсрэгээр нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн хүрээнд явуулсан үйл ажиллагааны зардлыг буцаан олгоод тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, ордыг төрд авах гурван төрлийн арга зам, гадаадын хөрөнгө оруулалтыг 51хувиас илүүгүй байлгах зорилго бүхий хязгаарлалт, төрийн хүнд суртлыг ихэсгэх, түүнчлэн 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиас давсан илүү эрх мэдэлийг буй болгосон журмын заалтаа хуульчлах гэсэн зохицуулалт бүхий заалтууд түлхүү тусгагдсан байсан тул хувийн хэвшлийнхэн дээрх хуулийн төслийг эсэргүүцэн шүүмжилсэн юм.
Иргэний нийгмийнхэн болон эрдэмтэн, судлаачид ч гэсэн эсэргүүцэн шүүмжилсэн бөгөөд мэдээж ингэсэн шалтаг, шалтгаан, ашиг сонирхол нь хувийн хэвшлийнхэнээс өөр байсан ч төслийг бүхэлд нь хүлээж аваагүй билээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ч дээрх хоёр том ашиг сонирхлын бүлгийн шүүмжлэлийг ч түлхүү мэдээлж, нийтэлж байв.
ШИГТГЭЭ:
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний танхимд дахин нэг хэлэлцүүлэг зохион байгуулж хуулийн төслийг татан авч байгаагаа зарлаж, эхлээд Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо боловсруулж батлуулсаны дараа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм гэсэн дүгнэлт хийснээ мэдэгдсэн билээ.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Хуулийн төсөл чухам яагаад хувийн бизнесийг гадуурхсан, хатуурхсан зохицуулалт ихтэй болсоныг сүүлд ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай олж мэдсэний дараа би ч бараг тааварласан л даа. Ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан ба түүний 4 нь хуульч мэргэжилтэй. Хуульч мэргэжилтэй дөрвөөс Мөнхтуяагаас бусад гурвыг нь Ашигт малтмалын тухай хуулийн талаар ямар нэг мэдлэгтэй гэдэгт эргэлзээтэй. Харин төр, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн байхыг үгүйсгэхгүй. Манай салбарын мэргэжилтэй гурван хүний нэг нь хэрэгжүүлэгч агентлагийн газрын дарга байв. Нөгөө нь өмнө нь мөн дээрхи агентлагт ажиллаж байсан, яг тухайн үедээ Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг нэгэн байлаа. Гурав дахь хүн нь хувийн хэвшлийн дотоод, гадаадын компани болон яаманд урьд нь ажиллаж байсан (тухайн үед хувийн компанид ажиллаж байсан шиг санагдаж байна) өөрийгөө үндсэрхэг үзэлтэй гэж үздэг (өөрөө надад тэгж хэлсэн) нэгэн байсан юм. Энэ гурван хүнийг манай салбарынхан сайн мэддэг, ур чадвар, мэдлэг өндөр сайн мэргэжилтнүүд байсан ч тухайн тохиолдолд төрийн ашиг сонирхлыг л түлхүү авч үзсэн шиг санагддаг юм.
2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн байгуулсан ажлын хэсгээс дөрөв дэх хуулийн төслийг олон нийт, нийгмийн томоохон сонирхогч талуудын төлөөллийн дунд хийсэн хэлэлцүүлгийн үед хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хүчтэй эсэргүүцсэнээр Ерөнхийлөгч хуулийн төслөө буцаан татахад хүргэсэн билээ. Харин хуулийн төслийг эсэргүүцсэн үндэслэл, харах өнцөг талуудын дунд (төр, хувийн хэвшил, иргэний нийгэм) өөр өөр байсан ч төслийг хэлэлцүүлсэн журам, арга хэлбэр нь ардчилсан нийгэмд хууль хэрхэн “төрдөг” талаарх жишиг болохуйц болж өнгөрсөн юм.
Хэлэлцүүлэгийг эхлээд Ерөнхийлөгчийн цахим хуудсаар дамжуулан олон нийтээс нэг сар орчим хугацаанд санал авч, дараа нь хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, засгийн газрын байгууллагын төлөөллийн дунд нэгдсэн хэлэлцүүлэг хийж талууд тус бүрийн саналыг сонссон билээ. Хуулийн ажлийн хэсэг хэлэлцүүлгийн үед гарсан болон талуудаас дараа нь
бичгээр ирсэн санал, хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарч байсан талуудын үзэл бодол зэрэгт үндэслэн хуулийн төслийг буцаан татах болсоноо ерөнхийлөгч Иргэний зөвлөл дээр хийсэн дараагийн хэлэлцүүлгийн үед мэдэгдээд ер нь эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлогоо эхлээд гаргая гэдэг санал дэвшүүлсэн юм. Дашрамд дурьдахад Ерөнхийлөгчийн өргөн дэвшүүлсэн хөгжлийн “Том төрөөс ухаалаг төр рүү” үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, батлуулах хуулийн жагсаалтад багтсан билээ. “Хуулийн тухай хууль”-д цаашид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх хэсэгт нь дээр дурьдсан хэлэлцүүлэг хийсэн горим, арга хэлбэрийг улам боловсронгуй бөгөөд дэлгэрэнгүй болгож оруулаад хуульчлахад манай улс дахь ардчлалын хөгжилд том дэвшил болох байх даа гэсэн бодол төрж байж билээ.
Үргэлжлэл бий.