2024-12-23, Даваа
-12 C
Ulaanbaatar

Үлгэрийн орныг өмнө минь дэлгэсэн бага Богд уул…

Дүн өвлийн хүйтэнд далайн түвшнээс дээш 3000 орчим метрийн өндөрлөгт цурам ч хийлгүй үүр цайлгана чинээ би санаж явсангүй. Адуу л босоогоороо үүрэглэдэг дээ. Адуу шиг… гэсэн ирмүүндүү бодол орж ирэхэд бахархах, бахдах сэтгэл төрнө. Гэхдээ өөрөөрөө биш юм шүү. Энэ л уулыг зорьж ирсэндээ, хамт зүтгэж яваа нөхдөдөө, ер юугаар ч юм бахдах, баярлах сэтгэл цэвэр агаар мэт чээж дүүргэнэ. Чээж дүүргэх ийм л бахдал уул өөд тэмүүлэх тэмүүлэл минь болдог. Яагаад гэвэл үүнийг газар тэнгэрийн заагт орших уулсын оргилд л амсаж мэдрэх хувьтай билээ. Тиймээс л уулчид өвлийн хүйтэнд уулын оргилд нүдээ ч цавчилгүй хонохдоо хэцүүг үл мэдэрнэ.

Чухамдаа ийм л тэмүүлэл, хэцүүд үл нугарах чин хүсэлтэй уулчдын баг 2014 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын нутагт, далайн түвшнээс дээш 3590 метрт орших Бага Богд уулыг зорьсон билээ. Авиралтын энэ багт уулын Спортын мастер Н.Сүрэнжав, уулчин Б.Мягмарсүрэн, Н.Өлзийхишиг, Т.Ганбаяр, Ж.Ганбаяр, Б.Долгорханд, Д.Өнөр, Б.Даваадулам болон миний бие багтсан юм. Цэлийсэн талын дунд цэнхэрлэн дүнхийх Бага Богд уулыг алсаас анх хараад өөрийн эрхгүй “Хайрхаан…” гэж сүүрс алдсансан. Ер хүн бүр л тэнгэр, газрын алинд оршин буй нь үл ялгаран дүнхийх алсын уулыг хараад уяаны морь шиг сэтгэл тогтохгүй яарсан биз ээ… Уул ийм л шидтэй.

Баг Богд уулБид 15-ны орой уулынхаа бэлд хүрэхэд яг 19.00 цаг болж байв. Бэлд машинаа орхиод, майхан сав, гал тогоо, хоол хүнс, аяны хөнжил гудас, уулын багаж хэрэгсэл, хувцас хунар гээд хүн бүр 20 орчим килограм ачаа үүрэн Чацарганатын амаар өгслөө. Үүлэн дунд л зүмбэрлэж харагдсан мөнөөх хайрханы бэлээр өгсөхдөө тэнгэрийн уулын оргилд хүрэх гэж тэсгэлгүй яарна. Саргүй шөнө уулын амаар алхахад хоёр талаас хашсан эгц цавчим ханан хаднууд нөмрөөд авах гэж буй мэт арсайн барсайх нь сүрлэг. Хад асга, бут бургас, мөсөн голыг туучих нөхдийн минь духны гэрэл гялалзах нь тэнгэрийн оддыг дэргэдээс нь харсан лугаа адил санагдаж, тэнд хүрсэн мэт бодогдоно.

Ийнхүү бүтэн гурван цаг алхаад уулын хажуу дээр майхнаа барин амрахаар шийдлээ. Гэвч шөнө хүйтэн, бас дороос хад чулуу нухаж, бид уруугаа “урсаж”, “өөдөө тэмүүлсээр” үүр хаяаруулсан. Тэглээ ч сэтгэл дүүрэн баяртай… Тэнгэр газрын заагт үдлэх ийм ажгуу.

Ингээд 16-ны үүрийн 5.00 цагаас дайралтаа эхэлж, явсаар тэнгэрийн цагаан хаалга мэт өндрөөс өндөр мөсөн хүрхрээнд тулж очих нь тэр. “Үлгэрийн орны үүд хаалга…”. Тэнгэрт л үлгэрийн орон орших биз ээ.

Миний ухаанд хамгийн түрүүнд ийн орж ирэв. Бид хүрхрээний хажуугийн эгц өндөрлөг рүү олс тавин авирч эхэллээ. Уг өндөрлөг рүү дөрвөн хөллөн мацах үед сахлаг өвсөн дээрх цасны гулгаа дорогш чангаана. Жаахан өндийх гэхээр үүргэвчиндээ татагдан гэдрэг савчих гээд нэн бэрх. Бага Богд уул их хадархаг, хад чулуу нь сул учир хөлөөр хөдөлсөн чулууд нэгнээ аван доош сүнгэнэнэ. Нэг өндөрлөгийг ийн давахад ахиад нэг өндөрлөг биднийг угтана… Чоно, ирвэс, аргаль янгир л дүүлж байдаг цавчим өндөрлөгүүдийн оройгоор үүргэвчээ үүрэн алхахуй цасан дээр үе үехэн ирвэсийн мөр тааралдана. Хээр талд аргал түүж л явснаас зэрлэг амьтны мөр үзэж яваагүй надад энэ бүхэн үнэхээр ерийн бус санагдана. Ийн харсан үзсэн бүхэн эд эс бүрийг минь сэрээж, шинэ сэргэг бүхнээр ухаан санаа минь хөглөгдөнө.

Баг Богд уулБид үдээс хойш 17.00 цагийн орчимд Бага Богд уулынхаа ноён оргилд хөл тавив. Эргэн тойронд тэнгэр, газрын ялгал үгүй аж. Тэнгэр… тэнгэр… тэнгэр… Газар үгүй.
Говь нутгийн хамгийн өндөр цэгээс дөрвөн зүг найман зовхист хараа бэлчээхүй захгүй өргөн тал үргэлжилсээр тэнгэрийн хаяатай нийлж, өнгө сүлэлдэн уусаад ийн харагдсан хэрэг. Задгай цэнхэр салхи, задгай шаргал тал… задгай талбиун сэтгэлүүд… Баруун хойхно саахалтын зайд Их Богд уул хараа булаан цэнхэртэнэ. Гэтэл ахан дүүс гэмээр говийн энэ их уулс үнэндээ бол хоорондоо 100 гаруй километрийн зайтай аж. Тэнгэр өөд тэмүүлсэн уулсын оргил ийм ойр аж.

Өвлийн өдөр богино, буцах зам ярвигтайгаас бид оргил дээр удаан байж чадсангүй. Шөнөөр бартаа ихтэй оргилоос бууна гэдэг амаргүй. Цас мөс, хад асга ихтэй цавчим уулсыг нуруулдан амьсгаа ч бүтэн авахад бэрх нөхцөлд өдөр, шөнийг туулсан ч сэтгэлд ирвэсийн мөр зам болж, мөсөн унжлагат хүрхрээ гэрэл болж, тэнгэр биднийг түшиж байсан гэдэгт би итгэнэ…

Зам гаргаж, харанхуйн дундаас хамгийн хөдөлгөөнгүй хадыг олж олсоо бэхлэх хүндхэн ажлыг эрчүүд маань гүйцэлдүүлж байв. Энэ зуур бид багахан хүлээнэ. Түр ч болов сууя гэхнээ хүйтэн чулуу, цас мөс дороос жиндүүлнэ. Хэрэв нүд анилдан зүүрмэглэх л юм бол уулын уруу чулуу шиг өнхрөх аюул дэргэд. Уул биднийг хатуужуулж, уул биднийг зөөллөж, уул бидэнд сүрээ үзүүлж, бас өршөөж байдаг аж.

Ингэсээр бид далайн түвшнээс дээш 3000 орчим метрийн өндөрлөгт үүр цайлгав. Үүрийн шаргал туяанд хад асгадын өнгө дүрс тодрон тодорсоор нүдний өмнө үлгэрийн орон үүдээ нээх нь тэр. Балчир ахуйдаа хүсч мөрөөддөг байсан тэр л үлгэрийн орон. “Байдаг юм байна, байдаг юм байна…” гэж арай л хөөрцөглөн дэвхэрсэнгүй. Тэндээс хүүхдээ хөхүүлж буй эх хүн, хагацашгүй амрагууд, түмэн үрчлээт өвгөн, нялхас, салаа гэзэгтэй охин, давхилдаж буй сүрэг адуу, басхүү далавчаа дэлгэсэн шувууд одоохон нисэх нь үү гэлтэй нэгэн зэрэг нүднээ үзэгдэж зүрх булиглуулна. Чухамдаа, тэнгэр газрын заагт орших энэ л үлгэрийн оронг үзэх гэж би тэмүүлжээ!

Баг Богд уул…Тэнгэрийн цагаан хаалга гэж миний дотроо нэрлэсэн, түмэн зүгт гялбам цагаан өнгөө түгээж хөдөлгөөн бүрийг минь нэгэн тансаг аялгуу болгон жингэнүүлэгч мөнөөх мөсөн унжлагат хүрхрээн дээрээ биднийг бууж ирэхэд 17-ны өглөөний 10.00 цаг болж байв. Явсаар майхан дээрээ ирэхэд 12.00, Чацарганатын амаараа уруудсаар машин дээрээ ирэхэд 17.00 цаг өнгөрч байлаа.

Даараагүй, ядраагүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ л, бараг ихэнх замаа дөрвөн хөллөн туулж, бүтэн 30 цаг авиралт хийсэн бидний алжаал баяр бахдал, догдлол тэмүүлэлдээ уусан алга болжээ! Адал явдлаар дүүрэн, онцгой энэ аялалд царцуу шоколад, булан ааруулаа хувааж хүлхсэн нөхөд минь алжаангуй хэдий ч бадрангуй төрхөөрөө сэтгэлд минь үлджээ. Цэвэр цэнгэг агаар мэт чээж дүүргэх баяр бахдал минь, үлгэрийн орныхоо өнгө тансаг бүхнийг өмнө минь дэлгэсэн Бага Богд хайрхан минь, гялайлаа!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img