2024-12-27, Баасан
-22 C
Ulaanbaatar

Алсу: Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдгийг яруу тодоор мэдэрч байна

Уянгалаг намуухан хоолойгоороо “Зимний сон” (“Өвлийн зүүд), “Иногда” (“Заримдаа”) гээд олон хит дуугаараа 1990-ээд оны сүүлээс эхлэн Оросыг байлдан дагуулсан төдийгүй манай оронд ч бишгүй олон фэнүүдтэй болсон татар гаралтай үзэсгэлэнт дуучин бүсгүй бол Алсу. Орчуулбал “улаахан ус” нэртэй тэрээр Оросын тэрбумтан, нефть олборлогч “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан Р.Сафины охин билээ. Алсу 1983 оны зургадугаар сарын 27-нд Татарстаны Бугульма тосгонд төржээ. Алдарт дуучин 40 нас хүрч буйтай холбогдуулан түүний “7 дней” сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Таны үнэнч шүтэн бишрэгчид телевизийн элдэв шоунд хуруу дарам цөөн оролцдогт тань сэтгэл гонсгор байдаг гэсэн. Гэтэл өнгөрсөн жилийн намар та “Россия” сувгийн “Ну-ка, все вместе!” (“Алив, бүгдээрээ!”) уралдаант нэвтрүүлгийн шинэ улирлыгНиколай Басковын хамт нээж, оролцогчдын талаар өөрийн санаа бодлоо хуваалцаж, тайлбар хийсэн билээ. Удаан хугацаанд шоунд оролцоогүй та яагаад энэ нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн нь сонин?

-Энэ уралдаант нэвтрүүлгийг эхнээс нь ихэд сонирхон үздэг байлаа. Цөөн хэдэн шүүгч бус, үе үеийн дуурь, жазз, поп, рок гээд дууны янз бүрийн төрлийн 100 уран бүтээлч шүүдэг нь надад таалагдсан. Оролцогчийн тоглолт тэдний дийлэнхэд таалагдаагүй ч өөр бусдын сэтгэлд нь нийцэх найдлага эцсийн мөч хүртэл үлдэж, тайзан дээр гарч зүрхлэн авьяасаа шүүлгэсэн хэн боловч тодорхой дэмжлэг аван олны анхааралд өртдөг нь энэ нэвтрүүлгийн маш чухал онцлог. Иймд “Ну-ка, все вместе!”-д намайг дахин урьвал би дуртайяа зөвшөөрнө.

-Та дуучны карьерын эхэндээ иймэрхүү дуулаачийн уралдаануудад хэр их оролцдог байсан бэ?

-Миний дуучны карьер дэндүү эрт, бас хэт огцом эхэлсэн л дээ. 15 настай байхад миний дууны анхны клип гарангуутаа хэн ч төсөөлж байгаагүйгээр их амжилтад хүрсэн. Тэгээд 16 насандаа Европын орон орны дуулаачдын “Eurovision”-д Оросыг төлөөлөхөөр шалгарч, тэгээд гэнэт нэр хүндтэй тус тэмцээний финалд үлдэн хоёрдугаар байрт шалгарчихсан. Тэгэхэд “Eurovision”-д Данийн “Olsen Brothers” дуэт хамтлаг надаас илүү оноо авч түрүүлсэн юм.Энэ нь миний уралдаант тэмцээнд оролцсон анхны тохиолдол байсан гээд бод доо.

АлсуЕр нь би яахаас ч буцдаггүй дайчин зан чанартай хүн биш. Багадаа дэндүү бүрэг ичимхий хүүхэд байлаа.Тиймээс ч өрсөлдөх дургүй байсан биз ээ. Сургуульд, хүүхдийн зусланд янз бүрийн уралдаант тэмцээнд оролцох сонирхолгүй, түрүүлж олны анхаарлыг өөртөө татахыг огт эрмэлздэггүй байв. Харин ч ангидаа даруухан, дуу цөөтэй, байгаа байхгүй нь мэдэгддэгүй “саарал хуулгана” нь би байсан болов уу.

-Үнэхээр тийм гэж үү? Үнэмшмээргүй юм!

-Үнэхээр тийм. Харин өөртөө итгэлтэй байхыг зайлшгүй шаарддаг мэргэжил сонгосныхоо дараа л олны өмнө биеэ барилгүй гарч сурахаас өөр аргагүйд хүрсэн дээ. Хүмүүст танигдан алдартан болохыг хүсдэг хүмүүс байдаг. Гэвч би тийм биш. Нэрд гарч эхэлсэн эхний жилүүдэд нисэх буудал, төмөр замын буудал дээр шүтэн бишрэгчид бүчин авахад дотор зарсхийгээд явчихдаг байж билээ. Гэхдээ юугаа ч мэдэхгүй шилжилтийн насны охинд тийм их анхаарал тааламжтай байсан нь мэдээж. Үүнээс гадна шүтэн бишрэгчид минь намайг миний дуунуудаас гадна, миний дотоод хүн чанарыг мэдэрч үнэлсэнд нь үргэлж талархаж явдаг юм.

Гэсэн хэдий ч үргэлж бусдын анхааралд өртөнө гэдэг намайг үл мэдэг айдас автуулж, заримдаа бүр нуугдмаар санагддаг байлаа. Таныг хоолоо яаж иддэг, яаж суудаг, яаж явдгийг тань байнга ажиглах нөхцөлд хэзээ ч тайван, өөрөөрөө байх аргагүй. Эцсийн эцэст би чинь өөрийн гэсэн дутагдлуудтай амьд хүн шүү дээ.

-Тийм л аядуу зөөлөн ааш зантай юм бол та яаж яваад “Eurovision”-д хоёрдугаар байр эзэлж чадсан хэрэг вэ?

 

-Хүүхдээрээ, сонин зандаа хөтлөгдсөний учраас л оролцохоор шийдсэн биз ээ. Одоо бол би тийм алхам хийхгүй нь тодорхой. Дуулаачдын энэ тэмцээнд бэлдэж эхлэхэд би 16 настай байлаа. Урьд өмнө нэг ч дуулаачдын уралдаанд оролцоогүй би шууд энэ нэр хүндтэй тэмцээнд Оросоос оролцохоор шалгарчихсан юм. Миний сандарч, тэвдсэнийг төсөөлөхийн аргагүй. Бэлтгэлийн үед бүх юм тун давгүй болж байсан ч тайзан дээр гарангуут би тэр чигтээ айдаст автсан. Тэгээд дуулж дуусангуутаа л ойр орчмыг анзаарахтайгаа болсон доо. Би чинь байнга л өөрийгөө шүүмжилж, “Энд тэгдэг байж, тэнд тэгэхгүй дээ” гээд гоочилдог хүн. Харин “Eurovision”-д эцэст нь бүх юм сайнаар өнгөрч, энэ нь надад мэргэжлээ зөв сонгосныг нотлон өөртөө илүү итгэлтэй болоход нөлөөлсөн юм.

АлсуДуучны замналын минь эхэнд намайг түшиж дэмжиж явсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Юуны түрүүнд намайг шоу бизнесийн хар бараан бүхнээс халхалж чадсан продюсер В.Белоцерковскийд. Аав минь энэ хүний найдвартай гарт намайг даатган өгсөн билээ. Мөн хэт ичимхий, өөртөө итгэлгүй намайг тайзан дээр биеэ хэрхэн чөлөөтэй авч явахыг сэтгэл гарган нэг бүрчлэн зааж өгсөн Лолита Милявская, Саша Цекало нартаа их баярладаг. Мэдээж хэрэг хайртай багш Лев Лещенко гуайдаа мэхийн ёслох минь зүй. Дуучны карьераа дөнгөж эхлэхэд надад анх түрүүнд итгэгсдийн нэг нь миний аавын эртний найз энэ хүн. Тэрээр миний аав ээжийн хамт эхнэрийгээ дагуулан намайг хөгжөөн дэмжихээр Шведэд “Eurovision”-ий концертод хүрэлцэн ирсэн юм.

-Хөгжмийн уралдаан тэмцээний талаар ийм байдаг байж. Харин одууд өрсөлддөг уран гулгалт, бүжиг, циркийн зэрэг телевизийн шоунд та ер харагдахгүй юм. Яагаад тэр вэ?

-Би тэгтлээ спортлог хүн биш л дээ. Биеийн сайн бэлтгэл, их ачаалал шаарддаг тиймэрхүү шоунд оролцож үнэндээ зүрхэлдэггүй. Нэг л удаа мөсөн дээрх шоунд оролцохоор шийдэхэд хоёр дахь охин Микеллагаараа жирэмслэснээ мэдээд татгалзаж билээ.

АлсуХарин уржнан жил баг зүүж өөрийгөө хэн болохыг нуун далдалж оролцдог нэг шоунд оролцох санал тавьсан юм. Янз бүрийн төрлийн дууг өөр өөр хоолойгоор дуулж, далд чадваруудаа харуулан ямар нэг дүр бүтээх нь надад таалагдсан тул би энэ саналыг баяртайгаар хүлээн авсан. Гэтэл энэ нэвтрүүлгийн хуваарь нь тун шигүү, дөрөв тав хоноод л зураг авалтад орно, Москвагаас хагас жилийн турш хаашаа ч гарах боломжгүй, хүүхдүүдтэйгээ зуны амралтыг нь ч хамтдаа өнгөрөөх аргагүй нь мэдэгдсэн. Хэдий тийм ч би өөртөө, “Чи үүнийг хийх ёстой” гэж хэлээд оролцохоор шийдсэн юм. Үүний үр дүнд би шоуны финалын шатанд хүрч, шүүгчдийн тааж чадаагүй цорын ганц оролцогч нь болсон доо. Үүнийг л би хүссэн.

Би Лондоны коллежид дуурийн дууны эрдэмд дэмий суралцаагүйгээ нотолж чадсан шүү. Багаа тайлах мөчид шүүгчид, танхимд хуран чуулсан зургаан мянган үзэгч маш их гайхаж, бүр цочирдсоныг хараад би тэднийг миний дуу хоолойн жинхэнэ цар хүрээг 20 гаруй жилийн дуучны минь карьерт анх удаа ямар нэг урьдчилсан хүлээлтгүйгээр, байгаагаар нь сонссоныг ойлгосон шүү. Би дуурийн нэлээд амаргүй зохиомжийг сонгож дуулсанучраас л тэр байх. Үүний дараа миний хоолойн өнгийг ядмаг, хязгаарлагдмал гэх шүүжлэл эрс багассан даа. (Инээв)

Шоуны дараа олон мянган хүн надад хандаж, “Таныг ийм мундаг хүчтэй хоолойтойг огт мэдэлгүй өнөөг хүрчээ. Үүнийгээ яагаад нуун дарагдуулж байсан юм бэ?” гэж гайхан асуусан. Миний хит болсон дуунууд бүгд уянгалаг, зөөлөн, дулаахан өнгө аястай тул хүчтэй хоолой гаргах шаардлагагүй учраас л тэр болов уу.

-Та бизнесмен Ян Абрамовтой гэрлээд гурван хүүхдийн эх болсон. Хүүхдүүдээ танилцуулаач?

-Нэг хэсэг борви бохисхийлгүй хүүхдүүдтэйгээ зууралддаг байлаа. Харин одоо хоёр охин маань хэдхэн жилийн дараа насанд хүрч тус тусын амьдралын замналаа хөөж эхлэх нь. Хүү маань ч дунд сургуульд орох гэж байна.

АлсуТом охин Сафина жилийн өмнө л ээжээсээ өндөр болсон доо. Ирэх намар 17 хүрэх тэрээр хөгжмийн сургуулиа улаан дипломтой төгссөн ч өнөө хэр төгөлдөр хуур дарж, хэцүү бүтээлүүдийг давтсаар буй. Гэсэн хэдий ч хариуцлагатай, биеэ даасан Сафина маань хөгжмөөс илүүтэй шинжлэх ухааны судалгааны ажилд татагддаг.

Харин 14-тэй Микелле эгчээсээ тэс өөр, эрч хүчтэй, дайчин охин. Тэрээр мөн л сурлагадаа сайн, хичээлийнхээ хажуугаар телевизийн “С добрым утром, малыши!” (“Өглөөний мэнд, багачуудаа!”) нэвтрүүлгийг хөтөлдөг юм. Тэрээр миний араас тайзан дээр гарвал уг нь дуучин болох суурь сайтай. Магадгүй улстөрч болж ч мэднэ. Бусдыг юунд ч итгүүлж чадах лут уран илтгэгч шүү. Уран бүтээлчдийн олон хүүхэд хичээл сургуулиа үндсэндээ хаяж бүтээл дээрээ төвлөрч байсан цөөнгүй жишээг би мэднэ. Эцэст нь тэд дуучны хувьд ч гавилгүй, олигтой боловсрол ч эзэмшилгүй аль альгүй хоцордог. Иймд нөхөр бид хоёр хүүхдүүдэд маань ирээдүйд сонголт байхын тулд хичээл сургуулийг нь илүүд үздэг юм.

-Хүү Рафаэль тань дуу хөгжимд мөн л татагддаг байх даа?

-Рафаель маань долоон нас хүрч байна. Долоон насанд Сафина, Микеллегийн аль алинд түүнийх шиг төгс сонсгол байгаагүй. Би огт өөр өнгөөр аль нэг дууг дуулаад Рафаэлийг жинхэнэ оригинал өнгөөр давтахыг хүсэхэд тэр түгдрэлгүй үүнийг гүйцэтгэдэг. Ямар сайндаа мөн л төгс сонсголтой Сафина хүртэл гайхаад, “Микелле яаж ингэж чадаж байна аа?” гэх вэ дээ.

-Таны хүүхдүүд юугаар ч дутахгүй өсч байна. Ийм нөхцөлд тэднийг хэт эрх танхи болгочих эрсдэл бий биз?

-Намайг төрөхөд манай гэр бүл “хоёр идэхгүй ч хоосон хонохгүй” зарчмаар амьдарч байсан юм. Харин хожим илүү боломжтой болж эхлэхэд аав, ээж хоёр минь надад юу ч хийхийг хорьдоггүй байв. Дээрээ гурван ахтай миний аливаа санаачлагыг ялангуяа аав минь ихэд дэмжинэ. Ер нь хүн гэдэг аав ээжийнхээ үлгэр жишээн дээр л хүмүүждэг юм билээ. Тэр хоёр маань ажилсаг, ёс зүйтэй хүмүүс л дээ. Лондонд коллежид надтай хамт суралцах чинээлэг айлын зарим хүүхэд мөнгөний үнэ цэгийг огт хайхралгүй юу дуртайгаа хийж байсан нь намайг нэлээд гайхшруулсан шүү. Аав ээж маань миний зардлыг хязгаарлаагүй ч би үргэлж ухаалаг үйлдэл хийж, гэр бүлийн нэр хүндээ гутаахгүйг эрмэлздэг байлаа…

Ян бид хоёр хүүхдүүдээ мөнгө тэнгэрээс унадаггүй, мөнгө олохын тулд хөдөлмөрлөдөг гэсэн энгийн суурь ойлголттой болгож чадсан гэж боддог.

-Та дөчин нас хүрч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Алдарт “Москва слезам не верит” (“Москва нулимсанд дургүй”) киноны гол дүрийн эмэгтэй “Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг” гэдэг дээ. Үүнийг л одоо яруу тодоор мэдэрч байна. Хүүхдүүд ч өсч торнилоо. Уран бүтээл, өөрийгөө хөгжүүлэх явдалд зориулах илүү их цаг завтай ч болж эхэллээ. Үзүүлээд өгнө өө! (Инээв)

АлсуБи наснаасаа ичдэггүй, 40-тэй гэхэд харин ч өөрийгөө толиотой гэж боддог шүү. Тэгээд ч нас гэдэг ердөө л тоо төдий зүйл. Юуны түрүүнд намайг эхнэр, ээж болгож, дуртай зүйлээ хийж хүмүүст баяр баясгалан хайрлах боломж олгосон дээд бурхан тэнгэрт л талархнам.

-Та гайхалтай сайхан харагдаж байна. Үүнд ямар нууц бий бол?

-Ямар юмных нь нууц байх вэ дээ. Юуны түрүүнд би өөрийгөө “хортой” хүмүүсээс аль болох тусгаарлахыг хичээдэг. Ойр тойронд минь зөөлөн сэтгэлтэй, эерэг сэтгэлгээтэй хүмүүс байх нь надад маш чухал. Хоолны хувьд гэвэл би шарсан хуурсан, давс, чинжүү ихтэй, хэт тослог, хэт гашуун аливааг иддэггүй. Миний үндсэн хоол бол загас, ногоо доо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img