2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

136 иргэний ажлын байрыг хадгалах нь нэгдүгээр асуудал гэв

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг төрөлжүүлэх хүрээнд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Дүүжин тээврийн бүтээн байгуулалттай холбоотой ташаа мэдээллийн улмаас өчигдөр иргэд Хангарди ордны гадна эсэргүүцэл илэрхийлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргээс Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан дүүжин тээврийн төслийн талаар зарим нэг ташаа ойлголт гарсан. Нэг цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урт дүүжин тээврийн төсөл 2023-2024 онд үргэлжилнэ. Дүүжин тээврийн хойд буудлыг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо буюу “Хархорин” захын баруун талд байхаар төлөвлөсөн. Уг төлөвлөлтийн хүрээнд нийт 0.3 га газарт буудал баригдана. Тэгэхээр энд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг талбай төслийн гадна талын хашаанд орж байгаа юм. Мэдээж, бүтээн байгуулалт эхлэхээр орц гарц гаргах асуудал гарна, түүнийг иргэдтэй зөвшилцөж шийднэ хэмээлээ.

“Өрхийн бичил үйлдвэрийг дэмжих сан” ТББ-ын тэргүүн С.Мишигээ

-“Хархорин” захын гадна худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн ажлын байрыг хадгалахын төлөө би 2016 оноос явж байна. Тодруулбал, 2016 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, тухай үед Хотын дарга байсан С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга асан С.Одонтуяатай гурвалсан гэрээ хийгээд 2035 он хүртэл энэ талбайд ямар нэгэн архитектур төлөвлөлт хийхгүй гэж тохирсон. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард нэгэн эмэгтэй ирээд энэ газарт 80 хувийн нөхөн олговор олгоод чөлөөлнө гэж ярьсан. Тэгэхээр гэрээ байгуулчихаад яагаад одоо ажлын байрыг буулгах болов гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Өчигдрийн тухайд хотын удирдлагатай уулзахын тулд Хангарди ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж, кетчуп цацсан юм. Өнөөдөр бид уулзаад ойлголцолд хүрч байна. Хотын даргын зүгээс энэ хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэнэ гэдгээ илэрхийллээ хэмээв.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

Сумъяабазар-Энд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 136 иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Үйлчилгээ эрхлээд амьдралаа залгуулж байгаа иргэдийн эрх хөндөгдөх ёсгүй. Хотын түгжрэлийг бууруулах хүрээнд дүүжин тээврийн төслийн ажлууд тодорхой үе шаттайгаар үргэлжлээд явж байна. Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил дээр бид иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцож, аль аль талдаа эрх ашгаа бодолцож, бие биенээ дэмжин ажиллах боломж бүрэн бий.

Тэгэхээр нөлөөллийн бүсэд орсон 136 иргэний ажлын байрыг авч үлдэнэ. Энэ бол нэгдүгээр асуудал. Нөгөө талдаа хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэд дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэсэн юм.

Эх сурвалжНЗДТГ-ЫН ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img