Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
– Иргэний нийгмийн зарим төрийн бус байгууллагынхан болон улстөрчид 2000-аад оны дундаас энэ бодлого буруу байна гэж шүүмжлэн улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг гадаад дотоодын баячууд хувааж эзэмшин Монголын ард түмнийг “шулж” байгаа тухай сурталчилгааг эрчимжүүлж эхэлсэн юм. Дайралтын бай нь Оюутолгой зэс алт, Бороогийн алт, Тавантолгой нүүрс, Төмөртийн овооны цайр, Сэлэнгэ аймаг дахь төмрийн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байлаа –
Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим асуудлууд
1994 оны Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ашигт малтмалд “…алтны хүдэр, мөнгөний хүдэр, цагаан алт, түүний бүлгийн металл /палладий, иридий, родий, рутений, осмий\-ын хүдэр, бадмаараг, доржпалам, маргад эрдэнэ, индранил, ураны хүдэр, газрын тос, чулуун нүүрс” хамаарахаар заасан байв. 1997 оны хуульд ашигт малтмал болон түүний ордод ямар нэгэн ангилал тогтоогоогүй бөгөөд харин 2006 оны хуульд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэлнэ гэж тодорхойлжээ.
УИХ нь анх стратегийн ашигт малтмалын ордод 15 орд газрыг хамруулсанаас хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь Оюутолгойн ордоос бусад нь ямар нэг байдлаар социализмын үед улсын төсвийн эсвэл тусламжийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордууд байсан. Сүүлд бас хувийн хэвшлийн хөрөнгөөр хийж нөөцийг нь тогтоосон Гацууртын алтны үндсэн ордыг энэ ангилалд нэмсэн юм.
Стратегийн ач холбогдолтой ордууд буюу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд
Ер нь улсын төсвөөр хайгуул хийсэн ордууд гэж юу вэ? Мэдээж зах зээлийн эдийн засагтай оронд улсын төсвийн хөрөнгөөр, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр ашигт малтмалын хайгуул хийдэггүй билээ, учир нь хайгуул бол зуун хувь эрсдэлтэй. 1990 оноос хойш манай улсад ч улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэнгүй. Харин 1997 оноос хойш төсвийн хөрөнгөөр 1:50000 масштабын зураглалын ажил хийж байгаа.
Тэгвэл 2006 оны Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд” гэдэгт социализмын үед гол төлөв ЗХУ-ын, багахан хэмжээнд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хөрөнгөөр ихэнх тохиолдолд Зөвлөлт-Монголын хамтарсан эсвэл олон улсын экспедиц, цөөхөн тохиолдолд Монголын геологийн экспедиц дангаараа хайгуул хийж нөөц тогтоосон Ашигт малтмалын ордуудыг хамруулан ойлгож, хуульд хэрэглэж ирлээ.
1997 оны Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн боловч ашиглалтанд ороогүй ордуудад хайгуулын болон ашиглалтын лицензийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгохыг зөвшөөрөх бодлого баримталж, ашиглаж эхэлсэнээс хойш 5 жилийн дотор улсын төсвөөс хайгуулд гаргасан зардлыг нөхөн төлөхөөр зохицуулсан байна. 1990-ээд оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр (ЗХУ ЭЗХТЗ-ийн орнуудын зээл, тусламжийн хөрөнгөөр гэвэл зүйд нийцэх юм уу ) хайгуул хийж нээгээд нөөцийг тогтоосон олон төрлийн ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулж чадалгүй зах зээлд шилжсэн байдаг. Эдгээр ашигт малтмалын ордуудад Бороогийн алтны орд; Төмөртэйн овоо; Цав, Улааны цайр хар тугалганы ордууд (полиметаллын орд гэж бас нэрлэнэ); Хөвсгөлийн фосфоритын орд; Асгатын мөнгөний орд; Таван толгойн коксжих нүүрсний орд; Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн төмрийн ордууд; мөн хүрэн нүүрсний нилээн хэд хэдэн орд орно.
ЗХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын концессын нууц гэрээгээр ашиглаж байгаад 1990-ээд онд орхисон Мардайн ураны бүлэг орд, тодорхой хэмжээнд хайгуул хийж байсан Лугийн гол болон Халзан бүргэдэйн газрын ховор металлын ордуудыг ч гэсэн дээрх жагсаалтад хамруулж болно. Тавантолгойн кокжих нүүрсний ордоос гадна чулуун ба хүрэн нүүрсний нилээд олон орд Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад нээгдсэн ордууд ашиглалтанд ороогүй юм.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Иргэний нийгмийн зарим төрийн бус байгууллагынхан болон улстөрчид 2000-аад оны дундаас энэ бодлого буруу байна гэж шүүмжлэн улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг гадаад дотоодын баячууд хувааж эзэмшин Монголын ард түмнийг “шулж” байгаа тухай сурталчилгааг эрчимжүүлж эхэлсэн юм. Дайралтын бай нь Оюутолгой зэс алт, Бороогийн алт, Тавантолгой нүүрс, Төмөртийн овооны цайр, Сэлэнгэ аймаг дахь төмрийн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байлаа.
Тэр үед Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг үндэсний 14 компаниас бүрэлдсэн консорциум эзэмшиж байв. Тэдгээрийг төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Монголын хамгийн том бөгөөд үнэ цэнтэй ордыг “зүгээр л үнэгүй цохичихсон” луйварчид гэж зарлан хэвлэл мэдээллээр намнаж эхлэв.
Яг тэр үед МоАХ-ны нэг зүтгэлтэн бизнесмен нэг нөхрийн дүүгийн Хонгконг дахь дансанд оросын тэрбумтан Дерипаска-гаас 800000 ам.доллар шилжүүлжээ, энэ мөнгө нь Монголын мөнөөх “14 луйварчин”-г хэвлэлээр намнах ажлыг санхүүжүүлэхэд зориулсан хөрөнгө гэнэ гэж “Улс төрийн сонин” –нд бичиж байсан юм. “Луйварчид”-ыг намнах тэр “хар пи ар”-ыг харин ч сайн хийсэн дээ. Орос технологоор хийгдсэн болов уу гэж бодогдоод байдаг юм. Энэ технологи Монголд харин ч нэг сайн нутагшлаа даа. Үүний үр дүнд 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай, 2009 онд батлагдсан цөмийн энергийн тухай хуулиудад “стратегийн ач холбогдолтой ашигт малтмал”-ын тухай ойлголт орж ирсэн юм.
Үргэлжлэл бий.